Сүхбаатар аймагт үхэр ЭРДСИЙН ДУТАГДАЛ өвчнөөр өвчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Сүхбаатар аймагт үхэр эрдсийн дутагдал өвчнөөр өвчилсөн талаар малчид мэдээлэл ирүүлж байна. Өвчилсөн үхэр яс мэрэх, мах идэх, гашуун нясуун эд зүйл долоох шинж тэмдэг илэрч байгаа ажээ. Шүү, хужир, нэмэлт тэжээл болох эрдсийн долоодос үхэр сүрэгтээ тавьж өгсөн ч нэмэр болоогүй тухай мэдээлэл өгч байгаа юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга сумуудад өнгөрсөн жил үхэр эрдсийн дутагдал гэх өвчнөөр өвчилж, олон тооны үхэр хорогджээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өнгөрсөн жил нэг айлын 40 орчим үхэр энэ өвчнөөр өвчилж, үхсэн байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас тухайн газруудад ажиллаж, эрдсийн дутагдал өвчин болохыг тогтоожээ. Энэ асуудлаар Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын дарга М.Молорчимэгээс тодрууллаа. 


-Танай аймагт үхэр эрдсийн дутагдал өвчнөөр өвчилсөн шинж тэмдэг илэрсэн гэдэг мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Шилийн Богдын ойролцоо нутгалдаг Батхүрэл гэдэг хүн 2018 оны долоодугаар сарын 17-нд анх манайд дуудлага өгсөн. Дуудлагын дагуу ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Өвчтэй үхрээс дээж аваад Улсын мал эмнэлгийн төв лабораторид онош баталгаажуулахаар шинжилгээ хийлгэсэн. Тухайн үед эрдсийн дутагдал буюу кальцийн дутагдлаас болж үхэр өвчилсөн гэдэг онош гарсан. Үүнтэй холбоотойгоор тухайн нутгийн гурван айлд урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөөд, малдаа эрдэс бодисоор баяжуулсан нэмэлт тэжээл өгөх зөвлөмж өгсөн. Гэтэл Батхүрэл энэ гуравдугаар сард “Үхэр үхээд байна. Энэ тал дээр ирж ажиллаач” гэж дахин хандсан. Тэгээд Мал эмнэлгийн ерөнхий газраас нэг мэргэжилтэн ирж, дахин ажлын хэсэг гарч ажиллаад дээж авсан. Мөн эрдсийн дутагдалд орсон нь тогтоогдоод байна. Манай аймагт энэ оны гуравдугаар сарын 22-нд Малын эмч нарын анхдугаар зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнд оролцсон малын гавьяат эмч Р.Содномдаржаа, малын зөвлөх эмч н.Сугар багш хоёр тухайн үхэр өвчилсөн айлд очиж, үзлэг хийсэн. Мөн үхэр эрдсийн дутагдалд орсон гэж үзсэн. Малын тариа өгөөд явсан байдаг. Батдэлгэр өөрөө хоёр үхэртээ тариа хийгээд үр дүнтэй байна гэж байсан.

Гэтэл тавдугаар сард ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар анхаарахгүй байна гэдэг асуудлыг Батдэлгэр дахин тавьсан. Иймд тагнуул, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн байгууллагаас Батдэлгэрийнд очиж, өнгөрсөн баасан гаригт ажилласан. Тухайн малчинд үхэр ямар өвчнөөр өвчилсөн, учир шалтгааныг тайлбарласан. Малчид өөрсдөө малдаа нэмэлт тэжээл өгөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ер нь үхэр эрдэс бодисын дутагдалд орсон нь тодорхой байгаа. Мөн манай аймгийн зарим суманд мал эрдсийн дутагдал өвчнөөр өвчилсөн тохиолдлууд гарсан.

-Үхэр ямар учраас эрдсийн дутагдалд ордог юм бэ?

-Мал бэлчээрээс ашигтай эрдэс бодисоо нөхөж авч чадахгүй байгаа учраас эрдсийн дутагдалд ордог. Өвс ургамлын дутагдалтай байна. Малын бэлчээр муудаж, олон төрлийн шим тэжээл ургахгүй байгаа зэргээс болж малын өвчлөл гарах болсон. Бороо хур ороогүй хуурайшилттай, өвс ногоо ургаагүй нөхцөлд мал тэжээлийн дутагдалд орж байна. Малчид жилийн дөрвөн улирлын турш отор нүүдэл хийж, бэлчээр нутгаа сольдог байх ёстой. Малчид малдаа эрдэс бодистой нэмэлт тэжээлийг тавьж өгөх шаардлагатай байна.

-Эрдсийн дутагдалд орсон үхэрт ямар эмчилгээ хийдэг вэ?

-Өвчилсөн малыг буфер фос гэж дуслаар тариа хийдэг. Энэ тариаг хийх шаардлагатай. Малчид малынхаа ашиг шимийг хүртдэг мөртлөө малаа өвчлөхөөр Мал эмнэлгийн газраас үнэгүй эм тариа авах бодолтой байж болохгүй. Мал өвчилсөн тохиолдолд зохих эм тариаг авч малаа эрүүлжүүлэх ёстой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asdv(66.181.169.70) 2019 оны 05 сарын 28

malchid maliinhaa toog l nemegduulehiig bodoj baigaa bolohoos belcheeriin daats maliin chanart anhaarahgui bna ene uls torchdiin taalagdah gesen yadmaghan bodloos bolood toriin bodlogo buruu yavaad bna

0  |  0
Top