Тэдгээр туршлага бүхий аялагчид үзэсгэлэн сонирхож ирсэн хүмүүст танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх замаар аяллын соёлыг бий болгохыг илүүд чухалчилж байсан. Ингэхдээ юу юуны өмнө аялагчид маань “Архигүй аялал”-ыг бий болгохыг сануулж “манай монголчуудын хувьд уулзах бүртээ хундага тулгаж, ерөөл өргөдөг бичигдээгүй хуультай” гэдгийг дурдсан юм. Аяллын үед архи дарс хэрэглэх нь осол аваар гаргах, өөрсдийгөө эрсдэлд оруулах үндэслэл болдог. Мөн зохион байгуулагчдын хөндсөн нэг асуудал бол аялагчид хог хаягдлаа ил задгай хаях, байгаль орчин бохирдуулах нь элбэг байдаг аж. Тэгэхээр энэ мэт сөрөг үзэгдэл цөөнгүй байдаг учраас иргэд аялж сурах шаардлагатайг Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцогчид хэлж байлаа.
Энэ үеэр туршлага бүхий аялагч О.Эрдэнэбилэг “Аялал гэдэг ойлголт хүн бүрийн хувьд өөр өөр байдаг. Бид нэг хэсэг зугаалга гэж туйлширдаг байсан. Одоо энэ ойлголт өөр болжээ. Зугаалга бол нэгээс хоёр хоногийн хугацаанд нэг газар байрлаад согтууруулах ундаа хэрэглэж байгаад ирэхийн нэр байсан бол аялал гэдэг зүйл харьцангуй эко тал руугаа хөгжиж байна.
Аяллыг ийм байх ёстой, тийм байх ёстой гэх цензур тавих нь өөрөө өрөөсгөл ойлголт. Хүн тэндээс хамгийн гол нь сэтгэлийн таашаал авч байх хэрэгтэй. Хүн бүр эко аялал хийж үүнийгээ хэвшүүлэх юм бол цаашид бидний үр удам ч байгалиа унаган төрхөөр нь хамгаалан үлдэж чадна. Эцэст нь хэлэхэд хамгийн зөв аялал бол согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр аялах явдал юм шүү гэж залуустаа уриалмаар байна. Үүнээс гадна аялагчид ил задгай хогоо хаядаг байдал газар авсан. Би хоёр аймаг дамжуулан хогоо авч явсан удаа бий. Яагаад гэхээр хогийн сав, хогийн цэг дутмаг байгаа учраас аваад явж байгаа хэрэг шүү дээ” гэсэн бол Хөвсгөл аймгийн “Great Sea Resort” жуулчны баазын менежер С.Ялалт “Манай “Great Sea Resort” нь Хөвсгөлийн Жанхайн давааны аманд байрладаг, Монголдоо анхны гүний усанд шумбах аяллыг санал болгосон жуулчны бааз юм.
Бид гүний усанд шумбах аяллыг зохион байгуулдаг учраас усны бохирдол нэмэгдэж байгааг нүдээрээ харах болсон. Яагаад гэхээр бид усны гүн рүү шумбадаг учраас үүнийг сайн мэднэ, урьд өмнө нь замаг бараг байдаггүй байсан бол одоо замаг үүсч улам зузаан болсон. Энэ нь далайн ус бохирдож байгааг илтгэж байгаа юм. Манай шумбагчид уснаас гарч ирэх бүртээ хамгийн багадаа ядаж нэг ширхэг ус, ундааны сав гэх мэт хог хаягдлыг далайгаас авч гарч ирэхийг зорьдог” хэмээн өөр өөрсдийн зүгээс мэдээлэл өгч байсан юм.
Мөн үеэр “Улаанбаатар Травел Экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулагч "Улаанбаатар" аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадралтай ярилцлаа.
Ё.БАДРАЛ: ЕРЭЭД ОНЫ ЭХЭЭР ХӨВСГӨЛД ОЧИЖ БАЙХАД ЯМАР БАЙВ, ОДОО ОЧИХОД УЙЛМААР САНАГДДАГ
-Энэ жилийн “Улаанбаатар Травел Экспо” үзэсгэлэнгийн онцлог юу байна, чухам ямар ямар мэдээлэл авч болох вэ?
-“Улаанбаатар Травел Экспо” нэртэй дотоодын аялагч нарт чиглэсэн нэг цэгээс Монгол Улсдаа хэрхэн аялж болох тухай мэдээлэл, мэдлэг олгох арга хэмжээ зохион байгуулж байна. Хамгийн гол нь эх орондоо зүгээр нэг аялах биш аль болох хариуцлагатай байх соёлыг түгээхийг хүссэн. Нийт аймгуудын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад санал тавьж, энэ арга хэмжээнд оролцуулж, өөрсдийгөө үнэ төлбөргүй сурталчлах боломжийг олгож өгсөн нь бас нэг онцлог. Мөн аяны хэрэгсэл зардаг компаниуд, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг урьж оролцуулсан. Манай зам дээр маш эвгүй ослууд гардаг. Үүнд бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Аялах соёлыг бий болгохын тулд эдгээр байгууллагууд хамтарч ажиллаж нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлог болж байна.
-Сүүлийн жилүүдэд эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах аялагчдын тоо нэмэгдсээр байна. Үүнийг дагаад сөрөг зүйлс ч бий болдог байх?
-Давхардсан тоогоор хэдэн сая монголчууд эх орноороо аялж байна. Энэ тоо улам өссөөр байгаа. Тэрэлж явсан ч бид дотоодын аялагч. Мэдээж хүн олноор очиж байгаа газрууд анхны хэв шинжээ алдаж эхлэх нь түгээмэл үзэгдэл. Тиймээс бид хариуцлагатай аялах хэрэгтэй. Хамгийн наад зах нь хог ихээр хаяж, байгаль орчин бохирдуулах болжээ. Манай үзэсгэлэнгийн гол зүйл бол “Хоггүй аялцгаая” уриан дор болж байгаагаараа бас нэгэн онцлогтой. Бид аялахдаа идэж уух болон бусад эд зүйлсээ машиндаа ачаад очдог ч тэр нь буцахад хог болоод үлддэг. Тэгэхээр машиндаа хогоо багтаан ачиж очоод буцахдаа яагаад багтаахгүй байгаа юм. Энэ тухай улс даяар компанит ажил явуулмаар санагддаг. Америкчууд мундаг хүмүүс хэдий ч 1970-аад оны үед системтэй сурталчилгаа явсны хүчинд хог хаяхаа больсон байдаг. Манайхан тусгай өдөр гаргаад эсвэл албан байгууллагаараа нийлээд хог цэвэрлээд байдаг. Уг нь хог хаяхаа больчих л юм бол цэвэрлэх шаардлага байхгүй. Бид Хөвсгөл рүү сүүлийн хэдэн жил яваад Богд Хан уулын зарим амууд шиг, Горхи Тэрэлж шиг болгоод хаячихлаа. Тэгэхээр бид хүүхдүүдээр дамжуулж ээж, аавуудад нь нөлөөлөх гэж оролдож байгаа нь тэднийг өсөж том болоод хог хаядаггүй иргэн болж төлөвшинө гэж үзсэн хэрэг. Тэр утгаараа бид “Залуу байгаль хамгаалагч” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ маань ч их амжилттай болж хүүхдүүд ойр тойрныхоо хүмүүст нөлөөлөөд эхэлжээ. Сүүлийн хоёр жил мөсний баярт манай хүүхдүүд очоод өөрсдөө хогийн сав барьчихсан “Ах, эгч нар аа, хогоо битгий хаяарай” гэхэд ямар ч хүн бодож эхэлдэг.
-Аялал зугаалгаар явж байгаа хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа нь юу байдаг юм бэ?
-Бид амарч байгаа нь энэ гээд л найз нөхдөөрөө дарвиад архи ууна, хорхог иднэ. Дараа нь түүнээс үүдсэн өвчлөлийг эмчлэх гээд сувилал, эмчилгээнд явна. Тэгэхээр амралт гэж хэлэхэд хэцүү болчихоод байгаа юм. Нэг амралтын газар гадаад болон Монгол жуулчид байрласан байлаа гэж бодоход монголчуудын ихэнх нь хамаг юмыг нь түйвээгээд яваад өгдөг. Гадаад аялагчид гомдол мэдүүлдэг, дараа нь тэр газар дахин Монгол аялагчдыг авах сонирхол буурч эхэлдэг. Үүнийг хэдүүлээ халах ёстой. Мөн аяллын даатгал хийлгэдэг хүн тун ховор. Дундаж аялагчдын толгойд энэ тухай бараг л орж ирдэггүй. Тэгсэн хэрнээ гадагшаа гарах болохоороо заавал даатгал хийлгэдэг. Гэтэл орон нутгийн замд ямар аймшигтай осол, аваар гардаг билээ. Бид өөрийгөө, хамт яваа гэр бүлээ, аялахаар яваа монголчуудаа хайрлах хэрэгтэй.
-Сүүлийн үед хөлтэй болгон л Хөвсгөлийг зорьж байна. Хэт олноороо очих нь сөрөг нөлөө бий болгож байгаа нь гарцаагүй. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бэ?
-Хөвсгөл хүртэл хатуу хучилттай зам тавигдахаас өмнө нийтдээ 10 мянган хүн л очдог байсан бол одоо энэ тоо 100 мянга хол давсан. Нэг талаасаа энэ сайхан мэдээ. Нөгөө талаас даац хэтрэх асуудалтай. Бид аялал жуулчлалыг төлөвлөх хэрэгтэй гээд байгаа нь энэ шүү дээ. Даацыг нь тооцоолоод үүнийг улсаас, орон нутгаас ямар нэгэн байдлаар зохицуулах шаардлагатай. Наадмын дараах долоо хоногт Жанхай хүртэлх хэсэгт өдөртөө 10 мянга гаруй хүн очдог. Гэтэл тухайн газрын хүчин чадал ердөө л 4000-аас хэтэрдэггүй. Нэг очсон хүн дор хаяж хоёр хононо. Тэгэхээр 20 мянган хүнд 4000 ор хүрэлцэхгүй шүү дээ. Үлдсэн хүмүүс майхан бариад буудаг. Энэ нь бие засах газраас эхлээд олон асуудал үүсгэдэг. Ерээд оны эхээр Хөвсгөлд очиж байхад ямар байсан билээ, одоо очиход уйлмаар санагддаг юм. Үнэхээр сайхан газар. Гэхдээ хэдүүлээ ингэж олуулаа очиж холхилдоод байвал юм үлдэх үү, үгүй юу. Америкчуудын хэлдэгчлэн “love to death” буюу “үхтэл нь хайрлана” гэдэг нь л болох гээд байна.
-Бусад аймгуудад ч өөрсдийн гэсэн онцлог бүхий үзэсгэлэнтэй газрууд олон байдаг. Тэдгээр аймгууд яагаад хүмүүсийн анхаарлыг тэгтлээ татаж чадахгүй байна вэ?
-Манай 21 аймаг өөр өөрсдийн гэсэн онцлог бүхий байгалийн тогтоцтой ч бид Хөвсгөл далай руу бөөн бөөнөөрөө яваад байдаг. Гэтэл ачаалал ихэссэн газар чанаргүйдэл гэдэг зүйл үүснэ. Тэгэхээр ачааллыг тараах зорилгоор 21 аймаг өөрсдийн гэсэн брэндийг бий болгож олон нийтэд сайтар сурталчлах шаардлагатай болж байна. Одоо зүүн бүсийн аялал жуулчлал, тэр дундаа Хэнтий аймаг руу төрөөс нэлээд анхаарал хандуулж, хөрөнгө орууллаа. Дорнод, Сүхбаатар гээд өөрийн гэсэн онцлогтой аймгууд бий. Дорнод аймаг гэхэд л дэлхийд байхгүй экосистемтэй газар. Үүнийгээ яаж сурталчлан таниулахаа сайн мэдэхгүй байна. Яг л далайн эрэг дээр байгаа мэт мэдрэмжийг Буйр нуураас авах боломжтой. Халуун элс, сэлэхэд тохиромжтой байдал зэргээрээ Хөвсгөлтэй харьцуулашгүй. Энэ мэтээр тухайн орон нутаг дээр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд маань тухайн орон нутаг бусдаасаа юугаараа ялгаатай вэ гэдгийг маш сайн гаргаж ирэх хэрэгтэй. Ингэж л аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох ёстой юм. Сүүлийн үед бид энэ тал дээр гэрэл зурагчидтай хамтарч ажиллаж эхнээсээ өгөөжөө өгч эхлээд байна.
-Тусгай хамгаалалттай газарт аялагчид хэрхэн зорчих ёстой байдаг юм бэ?
-Манайхан тусгай хамгаалалттай газар очоод 100 төгрөг өгнө өгөхгүй гээд хэрэлдээд л байдаг. Тиймээс эхлээд энэ газрыг яагаад тусгай хамгаалалтад авсан юм, яагаад бидний хойч ирээдүйд хэрэгтэй юм гэдэг талаар сурталчилгаа явах ёстой. Тэгэхгүйгээр зүгээр л нэг эрээн хувцастай хамгаалагч ирээд “мөнгө, мөнгө” гээд нэхээд байж болохгүй. Тусгай хамгаалалттай газруудыг чадавхижуулах, байгаль хамгаалагч нартайгаа тулж ажиллах хэрэгтэй. Манай тусгай хамгаалалттай газарт цагдах, хууль сахиулах үйл ажиллагаа л байдаг. Боловсролын болон мэдээлэл түгээх ажил хаягдчихсан. Тиймээс бид соён гэгээрүүлэх ажлыг нэвтрүүлэхийн тулд АНУ-д сургалтад хүртэл суусан. Байгаль орчинтойгоо хэрхэн эерэг харьцах ёстой талаар соёлыг түгээх нь байгаль орчныг хамгаалах ажил хийж байгаа хүмүүсийн хийх ёстой ажил хэдий ч үүнийг огт хийдэггүй.
-Манай Улсад жуулчны бааз гэхээсээ дэн буудал гэмээр газрууд олноор үйл ажиллагаа явуулдаг. Зарим газрууд чанарын шаардлага хангадаггүй нь үнэн. Энэ тухай та юу гэх вэ?
-Яг жуулчны бааз гэдэг статусаараа ажиллаж байгаа газруудын стандартыг аваад үзэх юм бол тийм ч муу биш. Харин хашаандаа дөрвөн гэр барьчихаад “би жуулчин авна” гээд сууж байгаа хүмүүс олон байна. Тэнд тавьж байгаа шаардлагыг өндөрсгөх ёстой. Энэ тал дээр манай салбар яам анхаарал хандуулж хуулийн хэрэгжүүлэлт хангах тал дээр маш их анхаарч ажиллах хэрэгтэй болжээ. Нөгөө талаас жуулчин хүлээн авч буй хүмүүс маань жилийн 4, 5 сард нь л ажиллаж чадаж байна уу, үгүй юу. Түүнээс бусад үед 4, 5 сар ажилласан мөнгөөрөө л амьдардаг. Эргээд хавар болохоор банкнаас зээл авдаг. Эхний хэдэн сарын орлогоороо зээлээ дараад явах нь тогтвортой хөгжил биш. Тэгэхээр энд сайн зохицуулалт, бодлого хэрэгтэй. Бүх улсаа хамарсан төлөвлөлт байх ёстой. Тэр төлөвлөлт нэг Засгийн газрын мөчлөгт таарсан биш, 20-30, магадгүй 50 жилийн хугацаатай байх ёстой. Тэгэж байж л бид юманд хүрнэ.
Сэтгэгдэл ( 0 )