БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсэд ус, дулаан, цахилгаан хангамж болон ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажил хийж 2016-2018 онд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Эдгээрийн ашиглалт, үйл ажиллагааг долоодугаар сарын нэгний дотор эхлүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
Төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэглэгчдийг ундны усаар хангах ус цэвэршүүлэх үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж,, эрчим хүчний дэд станц, 13,5 км авто зам, гэрэлтүүлэг, явган зам зэргийг барьжээ. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” 58.8 сая ам.долларын өртөгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газар 8.8 сая ам.долларыг нь гаргасан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажилласныхаа дараа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )