ӨНЦӨГ: Хуурамч мэдээлэл ба холоос гэтсэн санаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тохиодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өнөө жил “Хуурамч мэдээллийн эрин үе дэх улс төрийн сонгууль” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Мэдээлэл нь олон нийтийн санаа бодол, сэтгэлзүйг эргүүлэх шидтэйн дээр түүнийг хэдэн мянган сая хүнд хормын төдийд түгээн хүргэх цахим дэд бүтцүүд, дэлхий ертөнцийг ч шилжүүлэн нүүлгэх хүчтэй болжээ. Тэр дундаа хуурамч мэдээллийг хэрхэх вэ, хор нөлөөг нь яаж саармагжуулах вэ, сэтгүүлзүй үүнд ямар хамаа холбоотой гэдэг шинэ судлагдахуун харилцааны мэргэжилтнүүдийн өмнө гарч ирлээ. Нөгөө талд хуурамч, дэгс, эсвэл хуурмаг мэдээллээр олон нийтийн санаа бодлыг эргүүлэх, сонгуулийн санал хураалтад нөлөөлөх технологийг боловсруулах нь том бизнес дэлгэрч буй. Технологийн шийдэл, мэдээлэл гэсэн хоршил нэг улсын сонгуулийн дүнг бүү хэл дэлхийн улс төрийн өөрчлөх хүчтэй болохыг бид харсаар байгаа.

Энэ давалгаа Монголыг ч тойрохгүй. “Тагнуулын ажилтан зүй бус хэрэг үйлдлээ” гэсэн мэдээлэл өчигдөр өглөөний мэдээллийн хандалтыг эрс савлуулсны дараахан “Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргыг чөлөөллөө” гэдэг дахиад нэг хуурамч мэдээлэл цацагдав. Хуурай өвсөнд ассан гал шиг хором хормоор хамрах хүрээгээ тэлсэн эдгээр мэдээллүүдийн араас холбогдох албаны эх сурвалжууд даруй залруулга мэдээлэл хийсэн боловч энэ нь мөн л түймрийн араас элдэн хөөж унтрааж байгаатай адил байлаа. Түймрийн гал замдаа таарснаа хэдийнэ хуйхлаад өнгөрсөн... Хуурамч мэдээллүүдийн зорилго өөр, өөр. Өчигдрийн цацагдсан мэдээллүүд төрийн онцгой эрх, үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй хууль хүчний байгууллагын нэр хүндэд чиглэсэн байсан нь улстөрийн зорилготой үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Тагнуулын байгууллага тусдаа бие даасан хуультай. Тагнуулын ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөхөөр хуульд заасан. Харин бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэд хэдэн үндэслэлийг хуульд тусгасны нэг нь  “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол” гэх заалт юм. Гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээллийг хэвлэлээр өндөр үнэ төлж нийтлүүлсэн бөгөөд үүнийг шалгаж эхэлсэн гэж Тагнуулын ерөнхий газраас мэдэгджээ.
 

Энэ бол зүгээр нэг шуугиад жигшээд өнгөрөх хуурамч мэдээ хараахан биш. Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны зорилго нь үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Харин тус байгууллагын аюулгүй байдалд халдах зорилго тээсэн ташаа мэдээ юуг өгүүлж байна вэ?

-Хуурамч, ташаа мэдээг хэвлэлийнхнийг ашиглан түгээсний цаана Засгийн газрыг огцруулах санаархал холоос гэтэж байгааг ч тааварлаж болно. Ээлжит сонгууль хүртэл жил үлджээ. Дахиад Засгаа сольж бүрдүүлэх хүний нөөцийн потенциаль одоо МАН-д байхгүй. Засгийн огцруулсны зардлыг дийлэх чадал тэнхээ татвар төлөгчдөд ч, төсөвт ч хараахан байхгүй-

Засгийн газрыг огцруулах, түүний үйл ажиллагааг шүүмжлэх нь хэнд ч нээлттэй. Улс төр ширүүсч, нөхөн сонгуулийн өмнөтгөл болгон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чиглэсэн дайралтууд давалгаалж байгааг бүгд л анзаарч байна. Энэ нь ч улс төрд гайхах зүйл биш хэдий ч улс, үндэстний аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай албаныхаа дархлаагаар оролдох нь зохисгүй үйлдэл. Хэдий дотроо өрсөлдөж, хагаралдлаа ч бидэнд нэгдсэн эрх ашиг гэж бий. Тэр нь улс үндэстний маань аюулгүй байдал, түүний баталгааг хангагч тусгай албад юм. Улстөржсөн ч тойроод гарах учиртай үнэт зүйлс бийг бодох ёстой. Дээрх мэдээллийг хаанаас ямар зорилгоор түгээснийг шалгаж, хуулийн байгууллага үнэн мөнийг нь тогтоох байх. Гэхдээ цаашид иймэрхүү хуурамч мэдээлэлд бид яаж хандах ёстой вэ? Дэлхий дахинд тулгамдаж байгаа энэ асуудлын үр дагавраас сэргийлэхийн тулд мэдээлэлд хандах, мэдээллийг ашиглах олон нийтийн боловсрол чухал болж байна гэж үзэж буй. Зөвхөн манайд л мэдээллийн хуурамч эсэхийг нягтлахгүй хошуураад байгаа юм бас биш. Хаа сайгүй, хамтын бэрхшээл болоод байгаа. Баталгаатай мэдээллийг уншигч, хэрэглэгч хамгийн түрүүнд хаанаас хайдаг гээч. Сэтгүүлзүйгээс. Үүнд сэтгүүлзүй бэлэн байх ёстой. Харин тагнуулын байгууллагатай холбоотой ташаа мэдээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэр холбогдсон сургамж болох шиг боллоо.

Хуурамч, ташаа мэдээг хэвлэлийнхнийг ашиглан түгээсний цаана Засгийн газрыг огцруулах санаархал холоос гэтэж байгааг ч тааварлаж болно. Ээлжит сонгууль хүртэл жил үлджээ. Эрх баригч МАН-ын хоёр дахь Засгийн газар нь энэ. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд дахиад Засгаа сольж бүрдүүлэх хүний нөөцийн потенциаль одоо МАН-д байхгүй. Засгийн огцруулсны зардлыг дийлэх чадал тэнхээ татвар төлөгчдөд ч, төсөвт ч хараахан байхгүй. Одоо сонголттойгоо эвлэрэхээс өөр сонголтгүйг ч зөвшөөрөх нь бодит байдлыг зөв үнэлсэн хэрэг болох билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(203.169.50.227) 2019 оны 05 сарын 31

Худал мэдээлэд хариу яаран огдог албан тушаалтнуудыг энэ унэн мэдээнд хариу огч, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна.

0  |  0
Батмөнх БЗД-ийни 5-р(202.21.105.115) 2019 оны 05 сарын 30

Тэгвэл үнэн мэдээлэл. УБ хотын төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх ажил он дамжин хийгдэж байгаа. Гэтэл 2019 онд хийх ажлын хөрөнгийг БХБЯ-ы төсвөөс хассанаар энэ ажил зогсох дээрээ тулаад байна. Үүнийг БХБЯ-ы албан тушаалтнууд Ерөнхий сайдаасаа нууж нийслэлчүүдийг хорт агаараар амьсгалуулсаар байгаагаа юу гэж тайлбаолах вэ. Саяхан 4 хүний эрдэнэт амь хохирсныг мартаагүй баймаар юм. БХБЯ-ы түшмэлүүд Газрын дарга Лхагвацэдэн, ТНБ-ийн дарга нар ажлоаа хийгээч. Ерөнхий сайдаа битгий хулхидуулаад байгаач ээ

0  |  0
Батмөнх БЗД-ийни 5-р(202.21.105.115) 2019 оны 05 сарын 30

Тэгвэл үнэн мэдээлэл. УБ хотын төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх ажил он дамжин хийгдэж байгаа. Гэтэл 2019 онд хийх ажлын хөрөнгийг БХБЯ-ы төсвөөс хассанаар энэ ажил зогсох дээрээ тулаад байна. Үүнийг БХБЯ-ы албан тушаалтнууд Ерөнхий сайдаасаа нууж нийслэлчүүдийг хорт агаараар амьсгалуулсаар байгаагаа юу гэж тайлбаолах вэ. Саяхан 4 хүний эрдэнэт амь хохирсныг мартаагүй баймаар юм. БХБЯ-ы түшмэлүүд Газрын дарга Лхагвацэдэн, ТНБ-ийн дарга нар ажлоаа хийгээч. Ерөнхий сайдаа битгий хулхидуулаад байгаач ээ

0  |  0
Top