Өчигдөр шөнө Азербайжаны Бакуд Европын лигийн финалын тоглолт боллоо. Энэ тоглолт Английн хоёр хүчирхэг баг болох “Челси”, “Арсенал”-ын хооронд болсон. “Арсенал”-ын хагас хамгаалагч, армян тоглогч Мхитарян энэ тоглолтод оролцоогүй. Учир нь Армян, Азербайжан улсууд дайтаж байсан, улстөрийн зөрчилтэй юм. Мхитарянаас гадна Арсенал” гэмтэлтэй Холдинг, Бельерин, Денис Суарес болон багаа орхисон Рэмзи нарыг алдсан бол “Челси”-гийн Рюдигер, Хадсон-Одои, Лофтус-Чик нар бэртэлтэй байлаа.
Эхний үед багууд болгоомжлон, хаалгаа хамгаалаад байсан бол хоёрдугаар үед огт өөр тоглолт гарсан. 49 дэх минутад Жиру Эмерсоны дамжуулалтаар оновчтой мөргөн, хуучин багтаа эхний гоолыг хийлээ. Хаалгач Чехэд хаах боломж байсангүй. Тооны харьцааг тэнцүүлэх шаардлагатай болсон “Арсенал” урагш дайрахаас өөр аргагүй болсон. Гэвч арван минутын дараа дахин гоол алдлаа. Энэ удаад Педро Азарын дамжуулалтаар бөмбөгийг торонд оруулсан. Таван минутын дараа Жируг Мэйтленд-Найлс унагааснаар Азар 11 метрээс оновчтой цохиж, 3:0 боллоо. Тоглолтод хэн ялах нь ойлгомжтой болсон. Эмери давхар сэлгээ хийж, сэлгээгээр гарсан Ивоби алсын цохилтоор гайхамшигтай гоол хийсэн ч “Арсенал” илүү зүйл хийж чадсангүй, цаг ч үлдсэнгүй. Азар, Жиругийн хослол дахин амжилттай довтолсноор “Челси” 4:1 ялалт байгууллаа. Сарригийн хувьд энэ нь анхны цом байсан бол Педро дэлхийн аварга, Европын АШТ, Аваргуудын лиг, Испанийн лигийн цомууд дээрээ бас нэгэн цом нэмж байгаа юм.
Энэ тоглолт “Арсенал” багийн хаалгач Чехийн сүүлийн тоглолт болсон. Замналын ихэнх жилээ “Челси”-д өнгөрөөсөн тэр зодог тайлаад “Челси”-дээ захирлын албан тушаалд буцан очиж байгаа юм. Мөн Эден Азар хамгийн сүүлийн тоглолтоо “Челси”-д хийх шиг боллоо. Ялалтын дараа тэр “Хагацах цаг боллоо” гэсэн утга битүүлэг үг хэлсэн билээ.
Ийнхүү “Арсенал” гурван жил дараалан Аваргуудын лигэд тоглохгүй боллоо.
Челси Англи – Арсенал Англи 4:1 (0:0, 4:1)
Баку, “Олимпын цэнгэлдэх хүрээлэн”
Гоол: 1:0 – 49 Жиру, 2:0 – 60 Педро, 3:0 – 65, пенальти Азар, 3:1 – 69 Ивоби, 4:1 – 72 Азар.
“Челси” – Аррисабалага, Кристенсен, Эмерсон, Аспиликуэта, Давид Луиз, Ковачич (Баркли, 76), Жоржиньо, Педро (Виллиан, 71), Канте, Азар (Заппакоста, 89), Жиру.
“Арсенал” – Чех, Косьельни, Монреаль (Гендузи, 66), Колашинац, Папастатопулос, Торрейра (Ивоби, 67), Мэйтленд-Найлз, Жака, Озил (Уиллок, 77), Обамеянг, Ляказетт.
Шар хуудас: Педро (56), Кристенсен (68).
Дасгалжуулагч Сарри энэ цомоор “Челси” багаас халагдах аюулаас аврагдсан байж болох юм. Сарри тоглолтын дараа “Би багтаа үлдэх эрхтэй. Гэхдээ энэ асуудлыг би шийдэхгүй” гэж хэлсэн. Зарим мэдээллээр түүнийг “Ювентус” сонирхож байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )