“Түмэн шувуут" компани үйлдвэрийн ажилчдынхаа цалинг ирэх зургаадугаар сарын 1-нээс эхлэн 200 мянган төгрөгөөр нэмэхээр болжээ. Тус компани нийт 170 гаруй ажилтантай бөгөөд үүнээс үйлдвэрийнхээ 130 гаруй ажилтны цалинг 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. “Түмэн шувуут” компанийн ажилчдын цалингийн доод хэмжээ 1 сая төгрөг байсан бол 200 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр 1.2 сая төгрөг болж буй ажээ. Цалингийн хэмжээг нэмэгдүүлснээр хамгийн багадаа гар дээрээ 1 сая төгрөгийн цалин авах боломжтой болсон хэмээн “Түмэн шувуут” компани мэдэгдлээ.
“Түмэн шувуут” компанийг үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяраас энэ талаар тодруулахад "Манай компани өнгөрсөн 2018 оны есдүгээр сард нийт 170 ажилтныхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ирэх сараас үйлдвэрийн ажилчдынхаа цалинг мөн 200 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр үйлдвэрийн ажилчдынхаа цалинг нэг жилийн дотор 400 мянгаар нэмэгдүүлж байна. Тухайн компани ашиг орлого нь нэмэгдэж байгаа бол дагаад ажилчдынх нь цалин, орлого нь нэмэгдэж байх ёстой. Олон тэрбум төгрөгийн ашиг, орлого олсон мөртлөө ажилчид нь бага цалин аваад байвал тухайн хүндээ хэцүү шүү дээ. Тийм учраас манай компани ажилчдынхаа цалинг нэмсэн. Манай ажилчдын доод цалин 1.2 сая болсон нь их өндөр цалин биш. Энэ бол эхлэл. Монгол хүн дор хаяж 3 сая төгрөгийн цалин авдаг болох ёстой. Тийм учраас бусад компаниудаа ч гэсэн цалингаа нэмэхийг уриалж байгаа юм. Манай компани цалингаа нэмэгдүүллээ гэж зарласан нь бусад компаниудад жишиг болох, цалингаа нэмэхийг компаниудад уриалж буй явдал юм” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
amjilt huseye yamar mundag yum bee
Монос хүнс ийм арга хэмжээ аваачээ
Гоё Гоё та бүхэндээ ажлын амжилт хүсье