Генерал Г.Рагчаа агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг сахиулагчдыг Энхийн үйл хэрэгт анхлан оролцуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Хошууч, Генерал Гүрийн Рагчаа агсны гэрэлт хөшөөнд өнөөдөр /2019.05.30/  цэцэг өргөлөө. Монгол цэргийн дэлхийд гарах хаалгыг нь нээж өгсөн хүмүүсийн нэг бол яахын аргагүй  хошууч генерал Г.Рагчаа агсан аж. Түүний гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөхөөр ЗХЖШ-ын орлогч  дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын  орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Зэвсэгт хүчний 345 дугаар бригад, түүний харьяа Мотобуудлагын батальоны захирагч нар болон Г.Рагчаа агсны гэр бүл, үр хүүхэд ахан дүүсийн төлөөлөл оролцсон юм.

 Д.Лхагвасүрэн  Г.Рагчаа агсны гэргий дурсахдаа “Гүрийн Рагчаа агсан 1999 оноос  ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, 2003  онд ЗХЖШ-ын  орлогч дарга, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, 2005 оноос хойш Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газрын цэргийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан. Монгол цэрэг даян дэлхийн энх тайвны төлөө үүрэг гүйцэтгэж, улс орныхоо аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулан, цаашлаад нөхөн олговор авч, Зэвсэгт хүчний шинэчлэлд тодорхой дэмжлэг үзүүлнэ гэхэд итгэх хүн тун ховор байсан тэр л цаг үед Рагчаа генерал Зэвсэгт хүчнээ дэлхийн тавцанаа дуурсгахыг хүсээд зогсохгүй, дэлхийн хөгжилтэй орнуудын Зэвсэгт хүчинтэй өөрийн орны нутаг дэвсгэрт хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд ч үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан төр, цэргийн нэртэй зүтгэлтэн байсан юм. “Гүрийн Рагчаа сан” төрийн бус байгууллагыг энхийг сахиулагчдын гавьяаг алдаршуулах, тэдний ар гэрт дэмжлэг үзүүлэх, энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилгоор 2009 онд байгуулж байлаа. Удирдах зөвлөлд миний бие, хүүхдүүд, төрөл садангийн ах, дүү нар, мөн энхийг сахиулах үүрэг чиглэл бүхий ангиудын захирагч нар багтдаг. Энэ өдөр  ч мөн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн зарим цэргийн алба хаагчдыг нэрэмжит шагналаар шагнаж баяр хүргэлээ” гэв.  

Мөн Зэвсэгт хүчний 311-р ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, дэд хурандаа Т. Буянбат “Олон мянган Монгол цэргээ Дэлхийн цэрэг болгож Хилийн чанадад үүрэг гүйцэтгүүлэх нөхцөл боломжийг гардан гүйцэтгэж байсан хошууч генерал Рагчаа агсны Монгол Улсад болоод Зэвсэгт хүчинд гүйцэтгэсэн үүргийг та бид мартах учиргүй ээ" хэмээлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top