БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Будапештад моторт завь осолдсоны улмаас сураггүй алга болоод буй тус улсын иргэдийг аврахын тулд боломжтой бүхий л арга хэмжээ авахыг засгийн газартаа пүрэв гарагт /2019.05.30/ үүрэг болгожээ.
Өчигдөр орой Дунай мөрөнд аяллын моторт завь осолдсоны улмаас долоон хүн амиа алджээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, 19 хүн сураггүй алга болоод байна.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНСУ-ын гадаад хэргийн сайдаар удирдуулсан ажлын хэсэг байгуулах үүрэг өгсний дагуу тус улсын засгийн газар Унгар улс руу холбогдох албан тушаалтнуудыг илгээхээр болжээ. Осол болсон газар хүчтэй бороотой байгаа тул авран хайх ажиллагаанд хүндрэл учруулаад байна гэж Ёнхап мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Осол гарах үед моторт завинд БНСУ-ын 33 жуулчин, багийн хоёр гишүүн, нийт 35 хүн байсан байна. Долоон хүн хөнгөн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Орон нутгийн мэргэжлийн шумбагчид эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )