Долоон жилийн өмнө өөд болсон залуугийн хүүхдийг төрүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Таван жилийн өмнө Израилийн багш бүсгүй Лиат Малка 35 нас хүрчээ. Ганц бие бүсгүй сэтгэлд нийцсэн залуутай гэрлэчих санаатай байсан ч тийм хүн таарсангүй. Гэтэл нас яваад байдаг. Ингээд энэ насандаа хүүхэдтэй болохгүй байх вий гэж тэвдэж эхэлжээ.

“Түгшсэндээ би эмчид очиж, шаардлагатай гэх бүх шинжилгээг хийлгэсэн. Гэтэл эмч шинжилгээний хариуг хараад надад “Жил ирэх тусам л хүүхэд гаргах боломж чинь улам багасч байна. Ер нь ойрын хугацаанд хүүхэдтэй болохгүй бол боломжгүй шахам болно” гэж хэлсэн. Тэгээд л би байж болох бүхий л аргыг сүвэгчилж эхэлсэн” хэмээн Малка өгүүлж байна.

Гэхдээ Малка хэн тааралдсантай нь учирч, хүүхэд олчихьё гэж бодсонгүй. Харин биеийн хавьталд оролгүйгээр хүүхэд тээх аргыг интернэтээс хайж судалж эхэлжээ. Ингээд нөхөн үржихүйн төвд очиж, хүүхэд суулгуулахыг хүссэн бөгөөд хүүхэд нь эцгээ мэддэг, таньдаг байхыг тэр хүсчээ.

Ингээд хайж судалсаар 2009 онд YouTube дээр тавигдсан нэгэн бичлэгийг олж үзэв. Тэрхүү бичлэг дээр 2008 онд нас барсан хүүгийнхээ хүүхдийг тээх эмэгтэйг хайж буй тухайгаа Влад болон Юлия Познянский нар ярьжээ. Хүү нь гарцаагүй үхэл нүүрлэж буйг мэдээд бие эрүүл байхдаа үрийн шингэнээ хадгалуулан үлдээгээд “Миний хүүхдийг төрүүлэх эмэгтэйг заавал олоорой” гэж захижээ.

Малка тэр бичлэгийг үзээд “Ямартай ч хүүхэд төрлөө гэхэд аавыгаа хэн байсныг мэдэх боломжтой юм байна” гэж олзуурхсан гэнэ. Ингээд Познянскийнхны өмгөөлөгчтэй эхэлж холбогдон, тэр түүх яаж өрнөж буй талаар асуужээ. Гэтэл тэр бичлэгийг хийснээс хойш дөрвөн жил өнгөрөхөд нэг эмэгтэй хандаж, хүүхдийг тээхээр болсон ч хэд хэдэн удаагийн оролдлого амжилтгүй болж, эцэстээ татгалзсан тухай дуулжээ. Үүнийг сонсоод Малка Познянскийнхантай нүүр тулж уулзахаар шийдэв. Тэд уулзаж, Юлия хүү Барухынхаа зургийг харуулж, ямар залуу байсныг ярьж өгчээ.

Барух дөнгөж 25 насандаа хорт хавдрын улмаас нас баржээ. Аман дотор нь гарсан зүйл томорч, сүүлдээ хэлээ тайруулж ярих чадваргүй болж, эрчимтэй эмчилгээ хийлгэсэн ч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн аж.

“Хүү минь бид хоёрыг гуйсан юм. Хүүхдийг минь төрүүлэх эмэгтэйг заавал олоорой гэж. Тэгээд бид хоёр хэдэн жил хайж, нэг эмэгтэй зөвшөөрсөн ч бүтэлтэй юм болоогүй” гэж Юлия Познянский ярьжээ.

Аргаа барсан эх сүүлдээ өөрөө төрөхөөр шийдэж, 55 настай ч гэсэн донорын тусламжтайгаар хүүхэд төрүүлж, сэтгэлээ бага ч гэсэн дэвтээжээ. “Хүүхэдтэй болсондоо бид хоёрын сэтгэл санаа сэргэсэн. Гэхдээ л Барухынхаа хүслийг гүйцээх юмсан гэж бодсоор ирсэн. Малка надад шууд таалагдсан. Хар үстэй, улаан пальтотой бүсгүйг анх хармагцаа сайн хүн гэдгийг нь мэдэрсэн” хэмээн Юлия өгүүлсэн байна.

Юлия хүүгийнхээ зургийг Малкад үзүүлжээ. “Би тэр зургийг хараад ийм сайхан нүдтэй залуу сайхан сэтгэлтэй сайн хүн байсан байж таараа гэж итгэсэн. Эцэг эхдээ их хайртай, ачлалтай хүү байсан гэсэн. Зураг бүр дээр тэд тэврэлдэж, гар гараасаа барилцсан нь надад их сайхан санагдсан. Тэндээс хайр, халуун сэтгэл мэдрэгдэж байлаа. Тэр зургуудыг хараад миний эргэлзээ бүрэн арилж, хүүхдийг нь гаргахаар шийдсэн” гэж Малка ярьжээ.

Гэхдээ өмнө нь нэг бүсгүй 7-8 удаа оролдлого хийгээд бүтэлгүйтсэн тул Барухын үлдээсэн биоматериал дуусах тун дөхчихсөн байж. Бараг л хамгийн сүүлчийн найдлага л үлджээ. Ямартай ч Малка азаа үзэхээр шийджээ.

Аз ч түшиж, Малка жирэмсэн болж чадлаа. Малка эхлээд эгчдээ баярт мэдээгээ дуулгаад дараа нь Юлия руу утасдаж хэлэв. “Хэдийгээр би тэр бүх үйл явцыг туулсан ч гэсэн хүүхэдтэй болчихно чинээ бүрэн төсөөлөөгүй байснаа жирэмсэн болсноо дуулаад ойлгож, их тэвдсэн. Итгэж ч чадаагүй. Би Влад болон Юлиятай ердөө хоёр гуравхан л удаа уулзсан юм шүү дээ” гэж Малка өгүүлжээ.

Малка хэнээс, яаж жирэмсэн болсноо гэр бүлийнхэндээ ялангуяа ээждээ эхэндээ дуулгахгүй гэж шийдсэн байна. Нас барсан танихгүй хүний хүүхдийг тээсэн тухай ээж нь дуулбал юу болохоос эмээсэн хэрэг.

“Би бусдын юу гэхийг сонсоё гэж бодоогүй юм. Нэгэнтээ өөрийнхөөрөө шийдсэн болохоор түүгээрээ л байя гэж бодсон. Ялангуяа ээжид эхэндээ огт хэлэхгүй байя гэж шийдсэн. Төрөх дөхөөд ирсэн үедээ л би ээж рүү утасдаж хэлсэн. Ээж минь их баярласан даа” гэж Малка ярьжээ.

Жирэмсэн байх хугацаанд Влад Юлия хоёр санаа сэтгэл нь зовниж байсан ч Малкатай байнга уулзаж, дарамт учруулахгүй байх ёстойг ойлгож, зүй зохистой харилцааг эрхэмлэжээ.

Ингээд төрөх дөхөв. Влад Юлия хоёрт хэлье гэж бодсонгүй. Эмч өглөөнөөс нааш төрөхгүй гэсэн болохоор ээжийгээ ч эмнэлэгт ирээд хэрэггүй гэжээ. Гэтэл шөнө гэнэт өвдөж эхэлжээ. Ингээд 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нд охинтой боллоо. Охиндоо Шира гэх нэр хайрлав. Шира гэдэг нь израиль хэлээр бол “залбирал”, “ая дуу” гэсэн утга илэрхийлдэг гэнэ.

“Яг миний мөрөөдсөн охин мөн байсан. Охиноо хараад баярласандаа итгэж ч чадаагүй, тэврээд л, тэврээд л байсан” гэж Малка ярьжээ. Дараа нь Юлия руу утасдаж дуулгажээ. “Тэр сайхан мэдээг сонсоод миний зүрх дахин цохилж эхлэх шиг санагдсан” гэж Юлия ярьсан байна.

Одоо Малкагийн гэрт охиных нь аав Барухын зураг өлгөөтэй байдаг. Ээж охин хоёр инээмсэглэж буй тэр зураг руу харж, аз жаргалтай амьдардаг. Шира аав шигээ цэнхэр нүдтэй хөөрхөн охин.

“Нэг удаа охин минь надаас асуусан юм. “Аав мөдхөн ирээд хаалга цохих уу? гэж. Тэгэхэд нь “Үгүй дээ, аав нь ирэхгүй” гэж би хариулсан. Хорвоод хичнээн олон янзын гэр бүл байдаг гэхэв. Амьдрал баян шүү. Шира минь аав нь ирэхгүй гэдгийг мэддэг ч хамгийн гол нь аавтай гэдгээ, ямар хүн байсныг нь мэддэг, тэгээд жаргалтай байдаг нь сайхан.

Би хүмүүст хэлмээр санагддаг юм. Хэрвээ бид ирээдүйнхээ төлөө эрсдэлтэй ч бай хамаагүй ямар нэгэн алхам хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. “Ингэж болохгүй, тэгэх ёсгүй” гээд өөрийгөө хориод суугаад байвал амьдралд хэзээ ч ид шидийн мэт сайхан зүйл тохиолдохгүй” хэмээн  Малка өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amarok(66.181.161.43) 2019 оны 06 сарын 06

Ямар азтай охин бэ хүн болох маш ховор боломжоос мэндэллээ дээ

0  |  0
Maralmaa(103.57.92.33) 2019 оны 06 сарын 03

mm ymr huurhun ohin be gehdee aaviigaa irene gedegt bat itgedeg baih daa

0  |  0
Maralmaa(103.57.92.33) 2019 оны 06 сарын 03

mm ymr huurhun ohin be gehdee aaviigaa irene gedegt bat itgedeg baih daa

0  |  0
Munhtsetseg(66.181.161.28) 2019 оны 06 сарын 05

gaihamshigtai busguide az jargal husie

1  |  1
Сайхан сэтгэлтэнд(203.91.115.46) 2019 оны 06 сарын 07

Аз жаргал хүсье. Хөөрхөн охин байна. Ямар гэгээлэг бүсгүй вэ. Энэ бол агуу сэтгэл байна даа

3  |  0
Уншигч(202.126.88.52) 2019 оны 06 сарын 07

Сонин тохиолдол бн

2  |  2
M(202.126.89.14) 2019 оны 06 сарын 06

Ur huuhedtei bolj chadalgui ur udmaa uldeej chadahgui yvah gj bga humuusd saihan sanaa bolomj bdag l ym bn

6  |  0
M(202.126.89.14) 2019 оны 06 сарын 07

Eej aav 2t n huu n ohin dureer ahin turjee

6  |  0
Хха(202.131.247.114) 2019 оны 06 сарын 06

Нэгч гэсэн хүн тус болж

7  |  0
ахахаха(202.131.243.190) 2019 оны 06 сарын 06

солиотой хүүхэн бэ, эр хүн олдоно ш дээ, үхсэн хүний хүүхэд гаргаад байхдаа яахав, барууныхаан гэж, сонин гаж улсууд шүү

2  |  33
Soogii(75.37.70.31) 2019 оны 06 сарын 03

Woow saihan umaa

5  |  0
гүнжхэн(103.212.116.225) 2019 оны 06 сарын 06

цэнхэр нүдэн гүнж минь. хувь тавиландаа итгээрэй.

8  |  0
.(212.253.255.20) 2019 оны 06 сарын 06

Zov yum hiijee.busdad buyan vildeed,oortoo az jargal avchirsan bna shvv dee

18  |  0
Агуу сэтгэл юмаа(202.131.243.190) 2019 оны 06 сарын 02

ямар гоё гэгээлэг мэдээ вэ

10  |  1
Сайхан(66.181.169.162) 2019 оны 06 сарын 01

Гэгээлэг сайхан мэдээ байна.

7  |  1
az(66.181.190.210) 2019 оны 06 сарын 02

yag aav bndaa

8  |  1
ХӨӨРХӨН(112.72.11.101) 2019 оны 06 сарын 06

ЯМАР ХӨӨЛХӨН ОХИН БЭ. ЁСТОЙ ХӨӨРХӨН. САХИУСАН ТЭНГЭР МИНЬ. АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

15  |  1
Top