Албан тасалгааны цонхоор

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Хаа сайгүй гоёхон цэцэг шиг үрсээ дагуулсан ээж аавууд хотын гудамжаар олон таарлаа. Зуны дэлгэр цаг ирж, амралт эхэлж байгаа энэ үед хүүхдийнхээ баярыг хүн бүхэн хэр таарснаараа тэмдэглэн өнгөрүүлэхээр хичээцгээнэ. Тэнгис кино театрын гадаах Ялалтын талбай дээр өнгө өнгийн цэцэг ургажээ. Усан оргилуурыг халууцсан хүүхдүүд бүчиж, бие биенээ усаар булхан тоглоцгооно. Түүний хажууханд тод өнгийн хийлдэг тоглоом дээр чамгүй дараалал үүсчээ. Хөвгүүдийн тоглох дуртай машинууд 3000 төгрөг гэж байв. Бага насны хүүхдүүд илүүтэй тоглож байгаа харагдана. Зарим жаалуудын сэтгэл хараахан ханаагүй бололтой "төмөр хүлэг"-ээсээ буухгүй гэж зүтгэх нь эгдүүтэй.

Өнгөт гулгуур хүүхдүүдийн хамгийн их баясан хөгжилдөж байгаа хэсэг байлаа. 10 минут нь 4000 төгрөгийн үнэтэй гулгуурын гадна хүүхдээ хүлээж буй эцэг эхчүүдэд амраад суух сандал байхгүй болохоор энд тэнд сүүдэр барааджээ. Ангаж цангасан, ядарсан хүмүүст амны цангаа тайлах жижигхэн түргэн уйлчилгээний цэг ойрхон байрлуулмаар санагдав.

Сэрүү татам усанд хөвөх багачуудад битүүхэн атаархав. Амралтын өдрөөрөө хөдөө гарч усанд сэлмээр сэтгэгдэл төрүүлсэн бяцхан усан санд бяцхан далайчид сэлүүргүй онгоцонд "сэрүү татуулан"10 минутыг 4000 төгрөгөөр "жаргаад" амжив. Хүүхэд бэртэж гэмтэх аюул багатай зөөлөн тоглоомууд, хийлдэг "үлгэрийн орон"-ыг олон газар байрлуулвал явдал чирэгдэл болохгүй баярлах боломж бүрдэх юм байна гэж бодогдов.

Хүлэг морин дээр хүүхдүүд цөөхөн харагдав. Маргааш гэхэд морьд эздээр дүүрээд чөлөө завгүй "хурдлах" биз ээ. Хүний хөл хөдөлгөөн багатайд хүүхдээ баярлуулах гэсэн эцэг эхчүүдийн дунд цагдаа байх нь содон харагдана. Цаг наргүй ээлжийн ажилтай цагдаа нар ар гэр, алаг үрсээ баярлуулах зав зай хэр олддог бол. 

Талбайн хойд индэрт тун удахгүй Чингэлтэй дүүргийн "Цагдаагийн байгууллагын ажилтнуудын хүүхдийн баяр болох гэж байна" гэж нэгэн мөрдөстэй ахмад яаруухан хэлээд өнгөрөв. Дуу хуур, цэцэг бэлэгт энэ талбай умбахдаа бэлэн болжээ.
 

Үлгэрийн баатрууд, өхөөрдөм туулай, эрх муур, ихэмсэг гүнж гээд өөрийн хүссэн дурдээ хувирахыг хүсвэл багачууд аа хажууханд чинь нэгэн авъяаслаг зураач ах Body art  үйлчилгээг үзүүлж баярын уур амьсгал оруулж байна шүү. Зургаасаа шалтгаалаад 3000-6000 үнэтэй ажээ. Хотын төвөөр баярлаж, холгүйхэн цагийг өнгөрөөхийг хүсвэл Ялалтын талбайг зориорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top