Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн дэд дарга У.Бямбасүрэн Канад Улсын нийслэл Оттава хотноо 2019 оны тавдугаар сарын 29-31-нд зохион байгуулагдсан “Олон улсын нээлттэй засгийн түншлэлийн VI дээд хэмжээний чуулга уулзалтад” оролцлоо. Тэрбээр тус чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үйл ажиллагаанд оролцож нээлттэй засгийн түншлэлийн хүрээнд Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулснаас гадна тавдугаар сарын 30-нд болсон “Ази-Номхон далайн бүс нутагт олон талт оролцоот нээлттэй засгийг бэхжүүлэх нь” салбар хуралдаанд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх санаачилга, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, төрийн цахим шилжилтийг ашиглан шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах талаар гаргасан амжилт, цаашид авч хэрэгжүүлэх алхмуудын талаар танилцууллаа.
Мөн Дэлхийн банкны засаглалын асуудал хариуцсан захирал ноён Жим Браймпи болон Азийн хөгжлийн банкны хойд Амеркийн бүс нутгийг хариуцсан захирал ноён Барт Идэстэй уулзаж Монгол Улсад нээлттэй, ил тод, хариуцлагатай засгийг бэхжүүлэх зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцан, санал солилцсоноос гадна цаашид Нээлттэй засгийг бэхжүүлэх зорилгын хүрээнд засаглалыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг илэрхийллээ. Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллах боломжтойгоо илэрхийлж засаглалын чиглэлийг харилцан судлахаар тохиролцов.
ЗГХЭГ-ын дарга Олон Улсын Нээлттэй засгийн түншлэлийн улс орны дэмжлэгийн асуудал хариуцсан захирал Паул Массентай уулзаж Монгол Улс “Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүн орны хувьд нээлттэй засгийг бэхжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээ, “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III”-ний (ҮАҮТ) хэрэгжилтийн талаар танилцуулав. Цаашид Монгол Улсад уг санаачилгын үйл ажиллагаанд илүү олон талын оролцогчдыг хамруулах, олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, ҮАҮТ-ний хэрэгжилтийг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэж НЗТ-ийн зүгээс хамтран ажиллаж дэмжихэд таатай байх болно гэлээ. Чуулга уулзалтад 79 гишүүн орнуудыг төлөөлөн зарим улс орны Засгийн газрын тэргүүн, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл бүхий 2000 гаруй зочин төлөөлөгч оролцож, иргэний нийгмийн оролцоо, авлигатай тэмцэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сорилтын хүрээнд харилцан туршлага солилцлоо.
“Нээлттэй засгийн түншлэл” нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, авлигаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын байгууллага юм.
“Нээлттэй засгийн түншлэл”-ийг Бразил, Индонез, Мексик, Норвеги, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс `орнууд санаачлан 2011 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 75 орон гишүүнээр элссэн байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )