“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг амь оруулах, хувьцаа эзэмшигчдэд ашигтай шийдвэр гаргахаар “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос “Эрдэнэс-Тавантолгой” компанийн оффисийн гадаа жагсаал цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Тус холбооны зүгээс энэ сарын 24-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг байхаар тооцож бэлэн мөнгөөр ногдол ашиг тараах шийдвэр гаргахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн юм. Шаардсан хугацаанд шийдвэр гаргаагүй тул энэ сарын 29-ний өдөр жагсаал, цуглаанаа эхлүүлсэн юм.
“Эрдэнэс-Тавантолгой”-н олборлолтыг нэмэгдүүлэх үүднээс УИХ, Засгийн газраас бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах чиглэл өгсөн байдаг. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны ногдол ашгийг төмөр зам, дэд бүтэц, баяжуулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтад гаргахаар шийдвэрлэсэн билээ. Олон улсын зах зээл дээр гарч IPO босгох хүлээлттэй, дэд бүтцийн болон томоохон төсөл хөтөлбөрөө эхлүүлэх зорилттой, 2.5 сая иргэн “1072”-оо амь оруулах хүлээлттэй “Эрдэнэс-Тавантолгой” компанийг тойрсон асуудлаар тодрууллаа.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Л.Наранбаатар, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнэ нарын байр суурийг хүргэж байна.
Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ЭХЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙ ЁСНЫ АСУУДАЛ
-Ногдол ашиг хуваарилна, хуваарилахгүй гэж байгаад хуримтлагдсан ашгаараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын хөрөнгө оруулалт хийсэн нь зүйтэй гэх шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан. Өөрөөр хэлбэл олон улсын зах зээл дээр гарах төмөр замаа дэмжсэн нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ бол Компанийн тухай хуулиараа л явж байгаа зүйл. Түүнээс биш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдсан юм гэнэ лээ, Засгийн газар чиглэл өгсөн юм гэнэ лээ гэдэг зүйл байхгүй. Энэ бол компанийн ТУЗ дээр яригдаад, шийдвэрлэсэн асуудал.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хуримтлагдсан ашгаараа буюу 750 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэрээр бүтээн байгуулалт эхлүүлэх нь зүй ёсны асуудал. Энэ бүтээн байгуулалт эхэлснээс 3-4 сарын дараа Гашуунсухайтын төмөр замыг ч урагшлуулна. Манайхны хэлээд байдаг овоолго шороотой мэргэжлийн хүмүүстэй нь хамт өнгөрсөн гуравдугаар сарын 13-15-ны хооронд танилцаж, шалгасан. Мэргэжлийн хүмүүс нь суурь дэд бүтцэд 5-10 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийгээд, төмөр зам барихад асуудалгүй гэж дүгнэсэн. Тийм учраас бэлтгэл ажлаа хангаж байгаад гурван сарын дараа дотоод болон гадаадын аж ахуй нэгжүүдэд тендер зарлаад бүх ажил явах ёстой. Төмөр замын бүтээн байгуулалтыг хурдан явуулна гэсэн байр суурийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам баримталж байгаа. Энэ бол богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зам болно.
Б.ГАНХУЯГ: ТУЗ-ИЙН ШИЙДВЭРЭЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛСОН
-Компанийн ТУЗ-өөс дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу 2018 онд баталсан 2019 оны төлөвлөгөө буюу хөрөнгө оруулалтын төсөвт тодотгол хийсэн юм. Компани 2018 онд 480 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөсөн байсан ч ТУЗ-өөс 397 тэрбум төгрөгийг хассан. Өөрөөр хэлбэл энэ жил бид 83 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулна. Андерайт болон бусад хасаж болох бүхий л зардлуудаа танаад 600 аруй тэрбум төгрөгийг томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах зорилгоор танасан. УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу таван чиглэлээр төслүүдээ санхүүжүүлэхээр болсон. Уурхайн одоогийн олборлолтыг бүрэн хүчин чадалд нь хүргэнэ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүүн болон баруун цанхи нийлээд жилдээ 15 сая тонн нүүрс олборлож байгаа. Энэ тоог 35 сая тонн хүргэхээр зорьж байна. Нэг ёсондоо ТЭЗҮ-ээр батлагдсан бүрэн хүчин чадалд нь хүргэнэ. Дараагийн ээлжинд нүүрс баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулна. Түүнчлэн төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулна. Одоогийн байдлаар 16 сая тонн тээвэрлэж байгаа. Үүнийгээ бид 60 сая тонн болгож нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгой-Гашуун-Сухайтын төмөр зам, Тавантолгой-Ханги-Мандалын төмөр зам, Тавантолгой-Гашуун-Сухайтын паралель авто замд хөрөнгө оруулснаар 60 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болно.
Л.НАРАНБААТАР: МОНГОЛЫН 2.5 САЯ ИРГЭНИЙ ЭРХ АШГИЙГ ЗӨРЧСӨН “ЭТТ” КОМПАНИЙН ТУЗ ОГЦРОХ ЁСТОЙ
-Монгол Улсын иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн жагсаж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 онд хэдэн тэрбумаар тоологдох үргүй зардал гаргах гэж байсныг илчилж, эдийн засгийн тооцоо судалгааг нь ил гарган тавьсанаар 400 тэрбумын цавчааг бид зогсоож чадсан. Энэ бол нэг хувьцаа эзэмшигчид ногдох 160 мянган төгрөгийн хэмнэлт юм. Дор хаяж ийм хэмжээний мөнгөн дүнгээр ногдол ашиг тараах боломж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани 2016 онд Компанийн тухай хууль зөрчиж 2.5 сая иргэний нэрийг компанийн тайланд тусгалгүй компанийн тухай хууль зөрчиж байлаа. Үүнийг Л.Наранбаатар миний бие, Ч.Ганхуяг захирал, хуульч Б.Баяр бид гурав шүүхэд өгч, “Эрдэнэс-Тавантолгой” компанийг шүүх дээр ялж байсан. Тухайн үед Монгол Улсын 2.5 сая иргэнийг “Эрдэнэс-Тавантолгой”-н тайланд бүртгэж, нэг бүрийн хувьцааг 930 төгрөгөөр бүртгэлжүүлж байлаа. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 250 ам.доллар хүрчихээд байхад 48 ам.доллароор зарах шийдвэрийг ТУЗ-өөс баталсан. Энэ бол үндсэндээ луйвар. Мянга, мянган хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл. Дэлхийн зах зээлийн үнээр зарахад бид дор хаяж 1.5 их наяд төгрөгийн орлого олж чадна. Ийм шийдвэр гаргасан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ огцрох ёстой. Ийм хэмжээний луйврын төсвийг оруулж батлуулсан Гүйцэтгэх захирал огцрох ёстой.
С.ЭРДЭНЭ: ИРЭЭДҮЙД АШИГ ОЛНО ГЭДГИЙГ МЭДЭРСЭН ХҮМҮҮС ЯНЗ БҮРЭЭР ДАЙРЧ БАЙНА
-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ашиг орлого, нэр хүндэд атаархаж хорссон дайралтад манай компани сүүлийн үед ихээр өртөх боллоо. Үүнийг улс төр, эдийн засаг, эрх мэдлийн сонирхлоор хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ ашиг сонирхол 2015 онд Хятадын шууд бус оролцоотой хийгдэж байлаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани үнэхээр ашигтай ажиллаж үндэсний эдийн засгийн нөхцөлүүдийг бүрдүүлэх чухал компаниудын нэг болсныг олз ашиг, албан тушаалын эрх мэдэлд хомхойрогчдын шунал атаархлыг төрүүлж байгаа.
Жагсаал цуглаан зохион байгуулж байгаа гэх Л.Наранбаатар нь 2015 онд MCS групптэй ашиг сонирхол нэгтэй байхдаа “Эрдэнэс-Тавантолгой” бол ашиггүй компани, үүнийг бушуухан зарах ёстой гэсэн байр суурьтай байсан. Харин ашиг олоод эхлэнгүүт нь ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад оруулах ёстой гэсэн байр суурьтай болж өөрчлөгдсөн. Гэтэл өнөөдөр тэс хөндлөнгөөр ногдол ашгийг ард түмэн авах ёстой гэсэн байр суурьтай болж ирсэн. Төмөр замын бүтээн байгуулалт бол стратегийн ач холбогдолтой зүйл. Төрийн бодлого ч ингэж явж байгаа. Гэтэл үүний төрийн шинжтэй гэж дүгнэхэд хүрлээ. Одоо гаргаж байгаа үйлдэл бол ирээдүйд улам их ашиг олно гэдгийг мэдэрсэн хүмүүс ашиг сонирхолоо ийшээ чиглүүлж, янз бүрийн дайралт хийж байна. Бид Л.Наранбаатарын үгийг сонсох ёстой, авч хэрэгжүүлэх санаа байна гэж олон сар дуугүй явлаа. Энэ мэт хэт нэг талыг барьсан үйлдэл даамжирвал бид ч мөн адил тэмцэх болно.
Сэтгэгдэл ( 1 )
Buteen baiguulaltaa hiisen deer ene Naranbaatar gedeg nuhur Mongoliin daisan baina novchiin hulgaich hudlaa chou hiigeed avilgal avah gej bgaa ym