Зургадугаар сарын 1-ний шөнө Испанийн Мадрид хотод Аваргуудын лигийн финал болж, Европын хөлбөмбөгийн энэ улирлын эцсийн цэгийг хатгалаа. Английн “Ливерпүүл”, “Тоттенхэм” багууд шалгаран үлдсэнээр Английн хөлбөмбөг Европт илүүрхэж байгааг харуулсан.
Харин финалын тоглолт фэнүүдийн хүлээж байсан шиг халуун тулаан болоогүй. Шалтгаан нь тоглолтын эхний минутад болсон пенальти буюу торгуулийн цохилт. “Ливерпүүл”-ийн эхний дайралт Манэгийн дамжуулалтаар үргэлжилж, “Тоттенхэм”-ийн хамгаалагч Сиссокогийн гарт хүрснээр өрнөсөн. Шүүгч эргэлзэх зүйлгүй 11 метрийн цохилт зааж, Салах гоол хийснээр өндөрлөсөн. Эхний минутад 1:0 тэргүүлсэн “Ливерпүүл” эрсдэл гаргаж, довтлохгүй нь мэдээж. Тэд тоглолтын санаачилгыг өрсөлдөгчдөө өгөөд сөрөг довтолгоо хийж эхэлсэн ч “Тоттенхэм” ашиглаж чадаагүй. Эхний үед “Тоттенхэм” Алиссоны хаалга руу хоёрхон цохьсон, хоёулаа алсаас төдийгүй оновчгүй байлаа. Хоёрдугаар үед арай илүү сайжирсан ч гоол оруулах 100 хувийн боломж гаргасангүй, ялалт авчрах тактик ч үзүүлсэнгүй. 87 дахь минутад Ориги гоол хийснээр “Ливерпүүл” ялах нь тодорхой болж, зургаа дахь удаагаа Аваргуудийн лигийн аварга боллоо. Энэ мөчийг тэдний фэнүүд 14 жил хүлээсэн юм. Юрген Клоппын баг бужигнуулан дайрч, хэнийг ч ялаад, хэнд ч ялагддаг багаас Европын том багийн хэмжээнд очсоноо харууллаа. Цэнгэлдэх даяар эгшиглэсэн “You’ll Never Walk Alone” Ливерпүүл хотын Энфилдэд ч цуурайтаж байлаа.
Аваргуудын лигийн финал
Мадрид. Стадион “Ванда Метрополитано”
“Тоттенхэм” (Лондон, Англи) – “Ливерпуль” (Англи) – 0:2 (0:1)
Гоол: Салах, 2 - пенальти - 0:1. Ориги, 87 - 0:2
“Тоттенхэм”: Льорис - Триппьер, Алдервейрелд, Фертонген, Роуз – Сиссоко (Дайер, 74), Уинкс (Моура, 66) – Алли (Льоренте, 82), Эриксен, Хён Мин Сон – Кейн
“Ливерпуль”: Алиссон – Александер-Арнолд, Матип, ван Дейк, Робертсон – Хендерсон, Фабиньо, Вайналдум (Милнер, 62) – Салах, Фирмино (Ориги, 58), Мане (Гомес, 90)
Шар хуудас: байхгүй
Шүүгч: Дамир Скомина, Юре Прапротник, Роберт Вукан (бүгд Словен)
Ливерпүүлд болсон ялалтын жагсаалд 750 мянган хүн оролцлоо.
Монголын "Ливерпүүл"-ийн фэнүүд ч багаа дэмжиж, баяр хөөрт умбасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )