УРЛАГТАЙ САР: Зургадугаар сарын ЗУРГААН ОНЦЛОХ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Зургадугаар сар дөнгөж эхэлж байна. Эдгээр өдрүүд салхитай, жиндүүхэн байгаа ч үлдсэн өдөр хоногууд урин дулаан байх нь ойлгомжтой.

Тиймээс ч энэ сард зохион байгуулагдах хамгийн сонирхолтой үйл ажиллагаа, эвентүүдийг багцлан хүргэе. 


Драмын тайзнаа: “Хайрын виз”-ээ зориорой залуус аа!

 

Орчин үеийн нийгмийн сэдвийг хөндөж бичсэн тус жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс бие биеэсээ холдож байгааг өгүүлнэ. Жүжгийн гол дүрүүд хайр сэтгэлээ хүлээн зөвшөөрөлгүй, аж амьдралын түмэн бэрхшээлээр шалтаг хийн салан оддог. Хайр сэтгэл бол хүссэн үедээ дардаг, эрх чөлөөг олдог виз төдий зүйл биш юм гэсэн санааг агуулсан “Хайрын виз” жүжиг энэ сарын 6,7,8-нд 18:00, 19:00 цагуудад Улсын Драмын Театрт тоглогдоно.

 

Дуурийн театр: “Сонгодог”-оор амьсгалах сүүлийн сар

 

В.А.Моцарт “Увидаст лимбэ” зургаадугаар сарын 8-нд Дуурийн тайзнаа тавигдах нь. 1993 оноос хойш 26 дахь жилдээ тоглогдож байгаа энэ дуурь анх Автрийн Вена хотноо 1791 онд тавигдаж байжээ. Зохиолын сэдвийг Моцартын үед амьдарч байсан Автрийн урлаг, нийгмийн нэрт зүтгэлтэн Э.Шиканедер, К,Виландагийн /1733-1813/ “Жинистан буюу сайхан сэтгэлт хатагтай ба сүнснүүд” хэмээх уран зөгнөлийн туульсын түүврээс сэдэвлэсэн байна. Үлгэрийн гэмээр энэхүү сэдвийг Моцарт хөгжүүлж зан араншин, ёс суртахууны асуудлыг хөндсөн гүн гүнзгий философийн эргэцүүлэл болгож хөгжмөө бичсэн нь өдгөө дэлхийн сонгодог урлагт мөнхөрч үлджээ.

 

Зургадугаар сарын гол баатар: “Тоглоомын түүх 4”

 

“Pixar” студийн хамгийн алдартай бүтээл "Тоглоомын түүх" анимэйшы дөрөвдүгээр анги зургадугаар сарын 21-нд нээлтээ хийхээр болсон. "Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино хамгийн анх 1995 онд нээлтээ хийж байсан. Харин тус хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 1999 онд нээлтээ хийсэн бол гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй. Киноны хөгжилтэй үйл явдал, сэтгэлд хоногшсон дүрүүд болох Вуди, Баз Лайтер, Ноён ба Хатагтай төмсөн толгойт болон тэдний найзуудыг санаж байгаа биз дээ. “Тоглоомын түүх 4” бол гарцаагүй энэ зуны гол баатар юм. Хүсэн хүлээсэн өдөр улам л ойртсоор байна.

 

Онцлох эвент: “Бүх юмгүй Бүх юм”

 

Модернист үргэлжилсэн үгийн зохиолч, философич Санжаасүрэнгийн Анударыг дурсах үдшийг 2016 онд анх хийж байсан бол энэ жил дахин зохион байгуулж байна. Гурван жилийн дараа дахин С.Анударт зориулж хүндэтгэлийн тоглолтыг зургадугаар сарын 19-н буюу түүний мэндэлсэн ѳдрѳѳр “БҮХ ЮМГҮЙ БҮХ ЮМ” нэртэйгээр хийж байгаа юм. Энэ удаа С.Анударт зориулж тоглолт хэлбэрээр зохион байгуулагдах гэж байгаа учир амьд хѳгжим сонирхогч, С.Анударын зохиол бүтээлийг уншдаг, түүнийг хүндэлдэг бүх хүмүүсийг энэ ѳдѳр “Gandan live house”-д хүрэлцэн ирж хамтдаа нэг оройг ѳнгѳрѳѳхийг урьж байна.

 

Дүрслэх урлаг: “Синдром” Арт-Шоу лекц

 

Ван Гог, Сальвадор Дали, Фрида Кало зэрэг зураачдын сод бүтээлүүдийн тухай урлагийн түүхийн уйдаахгүй , унтуулахгүй лекц болон жинхэнэ урлагийн шоу үзүүлбэр бүхий өвөрмөц арга хэмжээ болох гэж байгааг дуулгая. 37 хон наслахдаа амьдралынхаа сүүлчийн долоог жил агуу урлагийн бүтээлүүдийг туурвисан, пост-импрессионизм урсгал чиглэлийг  үндэслэгч Ван Гог яагаад чихээ тасдах болов? Хамгийн алдартай бүтээл болох “Одот шөнө”-өө сэтгэц мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа туурвисан гэж үү? Сюрреализм урсгалын том төлөөлөгч , чупа чупсны зураач Сальвадор Дали эмэгтэй хүнээс эмээж айдаг байсан уу? Эх орныхоо иргэний дайныг ганцхан уран зургаар урьдаас зөгнөж чадсан нь ямар учиртай вэ? Амьдралынхаа туршид 37 удаа хагалгаанд орсон Фрида Калогийн  баяр баясгалан, эрч хүчний нууц нь жинхэнэ хайртай учирсных уу? зэрэг дэлхийн түүхэнд өөрчлөлт оруулсан XX зууны модернизм урлагийн суутан уран бүтээлчдийн намтар түүх, уран бүтээлийн тухай сонирхолтой мэдлэг олгох лекц болон сэтгэл хөдөлгөм арт шоуг зургадугаар сарын 14-нд 19:00 цагаас урлаг судлаач М.Амина хүргэх юм.

 

Их хотын залууст: Эрч хүчтэй, хөгжилтэй, бүжигтэй өдрүүд ирлээ

 

“116 DANCE STUDIO” Зуны зургадугаар сарын элсэлтээ авч эхэлжээ. “116 Dance studio”-ийн хамт олон залуустаа зориулан шинэ хүсэл мөрөөдөл, зорилго, төлөвлөгөө, олон олон контент зэрэг адал явдлаар дүүрэн зургадугаар сарын элсэлтээ авахад бэлэн боллоо.  Монголын гудамжны бүжгийн хамгийн шилдэг бүжиг дэглээч, багш нараар бүжиг заалгах боломжийг сонирхоод үзээрэй.  Гудамжны бүжгийн талаарх залуусын сэтгэлгээ, их хотын хип хоп соёлын талаарх лекц, семинар, анхлан суралцагчидад зориулсан суурь, техник хичээлүүд болон анхан шатны түвшний дэглэлтүүдийг заах зэрэг олон төрлийн лекц, хичээлүүдийг “116 Dance studio”-ийн хамт олон бэлдээд байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

0  |  0
Top