Хэвлэлийнхэн дугуй ширээний ард асуудлаа хэлэлцэх цаг болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өчигдөр /2019.06.04/ хэвлэлийн хурал хийж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өгч байна гэв. Хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авсан байна лээ. “Ашгүй явах нь” гэж алга хавсран харж байгаа хэсэг байхад “Мөрийн хөтөлбөр амлалтаа тэгээд яаж хэрэгжүүлэх юм бэ. Эхлүүлсэн ажлаа дуусгаач ээ” гэсэн сэтгүүлчид ч мөн олон байсан. Хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Гэсэн ч үүн дотор өөрийн үзэл бодол гэхээсээ илүү албан тушаал дагасан, өнгө мөнгө хөөсөн хэсэг бий гэдэг нь үнэн.

Х.Мандахбаяр хэвлэлийн хурлынхаа үеэр “Та бидэнтэй холбоотой асуудал байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тост тосон бумбын нурууг ухаж байгаа компаниас, Хотын дарга С.Амарсайхан нараас мөнгө авч  захиалгатай мэдээ, мэдээлэл нийтэлсэн. Үнэн хүчгүй байна. Шударга ёс хүчгүй байна. Зарим хэвлэл худалдагдсан нь үнэн. Ард түмнээсээ уучлал гуйж байна. Иргэдийн эрхийг хамгаалах ёстой сэтгүүлчид худалдагдсан нь үнэн. Үүнийг МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувьд би хэлэх ёстой. Үүнийг засах ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа Монголын хэвлэл мэдээллийн салбарыг эрүүлжүүлэхэд ажлаа хийгээрэй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталж өгөөрэй. Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч болсон чинь маш их хүчтэй болчихсон юм шиг хүмүүс ярьж байна. Энэ албан тушаалаар барьцаалж, над руу, хамт ажиллаж буй нөхөд рүү минь дайрч, МСНЭ-ийг харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа учраас би МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх хүсэлтээ Удирдах зөвлөлдөө өнөөдөр өгнө” гэж хэлсэн юм.
 

Үнэндээ бодит байдал ийм байгаа гэдгийг толгой дохихгүй ч гэсэн дор бүрнээ мэддэг, мэдсээр ч ирсэн. Гэхдээ хэн ч энэ идээ бээрийг хагалъя гэсэн сонирхолгүй хав дарсаар өнөөдрийг хүргэсэнд асуудлын зангилаа байгаа юм. Үнэнг улаан цайм худал гээд гүтгээд байхад үнэнийг нь хэлэхгүй яахав дээ. Нийтлэлч Г.Отгонбаяр “Сэтгүүл зүй бол нэг чигийн хөдөлгөөнтэй, үнэний төлөө гэх ганцхан маршруттай. Тэгтлээ арчаагаа алдаагүй” гэсэн байна лээ. Бүгд тэгж боддог. Бүгд шударгын төлөө яваа гэж өөрийгөө хүчээр зөвтгөн ойлгодог.

МСНЭ-ийн ерөнхийлөгч биш сэтгүүлчийн хувиар Тост, Тосон бумбад очиж сурвалжлага бэлдээд ирэхэд нь элдэв янзаар зохион байгуулалттай гүтгэж, дайрч, давшилж байгааг харсан. Зарим нэг хүний бичсэнчлэн сорчилж бус нээлттэй зар тавьж байгаад авч явсан сэтгүүлчдийг “шантааж” хийсэн мэтээр буруутган цоллосон. Үүндээ МСНЭ-ийг хүртэл хавчуулаад авна лээ. Тиймээс МСНЭ, сэтгүүлчдээ хамгаалахын тулд тэр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн болов уу. Тиймээс хэвлэлийнхэн маань ойлголтын зөрүүгээ өөрсдөө арилгах цаг болжээ. “Худалдагдсан, худалдсан” гэж он удаан жил яригдаж амь бөхтэй оршсоор ирсэн салбартаа салхи оруулахын тулд хэвлэлийнхэн дугуй ширээний ард сууж тулгамдсан асуудлаа ярихгүй бол цаашаа энэ байдал үргэлжилсээр байх нь. Тиймээс Х.Мандахбаярын тугийн дор гээд байгаагаас биш хэвлэлийн салбарынхан өөрсдөө тугаа босгож эвлэлтэйгээ хамтарч асуудлаа ярих хэрэгтэй. Жанжин шугамаа тодорхой болгоод авчихсан байхад дуртай нь энэ салбарт хуруу гараа дүрэх гээд гүйхгүй болоход том дэм болно. Энэ салбарт тулгамдсан асуудал бишгүй дээ л бий. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөө батлуулах зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд улстөрч, бизнесийн хэн гэдэг хүн аль хэвлэлд ямар хэмжээний хувьцаа эзэмшиж байгааг ил болгох ёстой гэж байгаа юм. Үүнээс болж хөшигний арын эзэн ил болох нь гэж сандарсан бүлэг байгаа нь ч нууц биш. Өнөөдрийг хүртэл хутгах савнаасаа хальсан тэр олон хэвлэл мэдээллийг хэрэгсэл ямар мөнгөөр оршин тогтнож байна вэ гэдгийг ил болгоод авбал хардлага, сэрдлэг бага ч атугай арилах байх. Цаашлаад Зөрчлийн хуулийг яах вэ, сэтгүүлчдийн нийгмийн асуудал, ажлын байран дахь нөхцөл, цалин, хангамж гээд энэ салбарын талаар бичих зүйл олон.

Эвлэлийн ерөнхийлөгч бүгдийг мэддэг, чаддаг юм биш. Ер нь бол эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр л миний өмнөөс ажиллах ёстой гэсэн ойлголт байгаагаас биш би өөрийнхөө өмнөөс юу хийх билээ, салбартаа яаж дэм болох билээ, редакц, сэтгүүлчээ яаж дэмжих билээ гэсэн хүн үнэндээ цөөн байдаг. Тиймээс Х.Мандахбаяг гэдэг хүнийг хэвлэлийн хурал зарлаад “Тост, Тосон бумбаа хамгаална” гэхээр МСНЭ гэж сэтгүүлчид маань өөрсдөө хараад байгаа юм. Хардаад байгаа юм. “МСНЭ-ийн удирдлагын зүгээс биш Өмнөговь аймгийн жирийн иргэн, сэтгүүлчийн хувиар үзэг нэгт нөхдөөсөө дэмжлэг хүсч байна” гэж хэлснийг нь зориудаар мушгиад байгаа юм аа. Асуудлаа ярья гээд хурал зарлахаар хэдэн сэтгүүлч явуулчихаад өөрсдөө ирдэггүй хэвлэлийн удирдлагууд олон байдаг. Өөрсдийнхөө төлөө, салбарынхаа төлөө цуглаж асуудлаа шийдэхгүй бол болохгүй нь ээ.

Хэвлэлийн салбарынхан маань бөөндөө сууж байгаад Эвлэлийн ерөнхийлөгч нь өөрийн амин хувийн бизнесийн төлөө яваад байна уу, үнэхээр итгэж болох хүн үү гэдгийг нь хоорондоо ярилц. МСНЭ-ийнхээ Ёс зүйн зөвлөлөөрөө Х.Мандахбаяр гэж хүн дүрэм, журмаа зөрчөөд яваа юм уу гэдгийг тодорхой болгуулчих хэрэгтэй. Улстөрчдийн бизнесийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж босох уу, энэ чигээрээ тал бүртээ тарж бутрах уу гэдгээ шөнөжин ч хамаагүй хуралдаад ярьчих л даа. Х.Мандахбаяр гэдэг хүний зөв, бурууг дэнсэлж болно. Шүүх хурал шиг сүржигнээд байх юм ч байхгүй. Үүнээс өмнө бүгдээрээ дуу нэгтэйгээр сэтгүүл зүйн салбараа өмгөөлдөг болох хэрэгтэй. Өмгөөлдөг байхын тулд дотоод асуудлаа шийдэх зайлшгүй шаардлага урган гарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top