-Хотод махны үнэ тэнгэрт хадаж, хонь авахаар эмээлтийг зорих иргэд ихэсчээ-
Урин дулаан цагт нийслэл хотынхон Эмээлт зах болон Баянзүрхийн товчооноос очиж хонь худалдан авч, хүнсэндээ хэрэглэж заншсан билээ. Энэ жилийн хувьд “Хүчит шонхор” зэрэг томоохон худалдааны төвүүдэд махны үнэ “тэнгэрт хадсан” учраас Эмээлт захаас хонь худалдан авах иргэдийн тоо эрс нэмэгджээ.
Манай сурвалжлах баг өнгөрсөн баасан гаригт Эмээлт захыг зорьсон юм. Биднийг очиход гол төлөв Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн зарим сумд, Дундговийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай зэрэг сумын малчид хонио борлуулж байлаа. Түүнчлэн Увс аймгийн Зүүнхангай сумаас ч хонио зарахаар ирсэн иргэдтэй ч таарсан юм. Харин хонины үнэ 110-260 мянган төгрөгийн үнэтэй байна. Төлөг 110-140 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол шүдлэн, хязаалан хонь 150-180 мянга, нас гүйцсэн, тарга сайтай эр хонь 180-260 мянган төгрөгийн үнэтэй байна.
М.ЖАРГАЛСАЙХАН: ХОЁР ӨДРИЙН ДОТОР 20 ХОНЬ ЗАРСАН
Ченж нар малчдаас хонь худалдан авч, түүнийгээ хотынхонд үнэ нэмж худалдаалдаг. Нөгөө талаараа малчид ч Эмээлтэд ирж хонь хашдаг жижиг төмөр хашааг өдрийн 10 мянган төгрөгөөр түрээсэлж хонио борлуулдаг болоод удаж байна. Энэ үеэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас ирсэн малчин М.Жаргалсайханаас дараах зүйлийг тодруулав.
-Танай аймагт бороо хур орж байна уу. Ногоо хэр ургаж байна вэ?
-Өчигдөр ирсэн. Цас орсонтой холбоотойгоор ойроос ногоо идэж байна. Гэхдээ хонь тарга авч эхлэх хугацаа хараахан болоогүй ч ногоо идсэн хонины мах арай амттай байгаа байх. Сүхбаатарт манайхны хонь тарган орсон учраас иргэд ам сайтай авч байна.
-Та хэдэн хоньтой ирэв. Хонио хэр борлуулж байна даа?
-Сүхбаатар аймгаас 30 эр хоньтой ирсэн. Хоёр өдрийн дотор 20 хонио зарчихлаа. Хонио 200-240 мянган төгрөгөөр борлуулж байна. Одоо арван хонь зарчихвал буцна даа. Уг нь зүүн аймгаас ирсэн малчид Баянзүрхийн товчооны ойролцоо хонио борлуулдаг. Гэвч зам засвартай холбоотойгоор энэ зун Баянзүрхийн товчоонд хонь борлуулалт муу байгаа учраас Эмээлтэд ирж хонио зарж байна гэв.
ХОТЫНХОНД ЗАЛУУС 15 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХОНИЙГ НЬ ТӨХӨӨРЧ ӨГЧ БАЙНА
Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын засварын ажил эхэлчихсэн болохоор хотынхон Баянзүрхийн товчоог зорихоос илүүтэй Эмээлт захаас хонь авах нь нэмэгдсэн байна. Энэ ч утгаараа энд хонь авахаар ирсэн иргэд олон байлаа. Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Болдбаатар “Хотод хонины мах кг нь 10 мянга, үхрийн мах 14 мянган төгрөгийн үнэтэй байна. Махыг кг-аар авахаар амархан дуусчихдаг. Харин эндээс ирээд бүтэн хонь авчихвал арвин байдаг. Шинэ шөл уучихна, гэдэс дотрыг нь иднэ. Эдийн засгийн хувьд ч ашигтай шүү дээ.
Тэгээд мах нь шинэ, амттай гээд давуу талтай. Харин бороо орж, ногоо ургаад удаагүй учраас мал тарга тэвээрэг авч амжаагүй туранхай харагдана. Гэхдээ өвөл, хавартаа сайн орсон хонь бол тарган байгаа. Нэг боломжийн тарган хонь авчих санаатай ирлээ. Харин хонио төхөөрч чадахгүй учраас эндээс хонь гаргаж өгдөг хүнээр хийлгэнэ дээ” гэсэн юм.
Нэг хонины гэдэс дотрыг арилгаад, бүрэн төхөөрч өгөхөд 15 мянган төгрөгийн үнэтэй. Хонь төхөөрч, гэдэс цэвэрлэж өгдөг залуус Эмээлтэд цөөнгүй ажиллаж байна. Хотынхон ихэнхдээ залуучуудаар хонио төхөөрүүлдэг ажээ. Малчдын олонх нь удаан хугацаагаар хонио өөрсдөө борлуулах боломжгүй учраас ирсэн дариудаа хонио ченж нарт өгөөд буцдаг байна. Нөгөөтэйгүүр Эмээлтийн ченж нар малчдыг өөрсдөө мал, махаа борлуулахад нь таатай ханддагүй, өөрсдөө хямд үнээр авч борлуулах сонирхолтой байдаг аж.
Улсын баяр наадам дөхөх тусам хөдөө, орон нутгаас ирж мал, мах борлуулах иргэдийн тоо нэмэгддэг. Энэ жилийн хувьд мах өндөр үнэтэй байгаа учраас малчид урьд жилүүдээс эрт хотыг зорьж, хонь худалдаалж эхэлсэн нь энэ юм.
Сэтгэгдэл ( 0 )