Морингийн даваа, Нисэхийн эцэст 4,7 километр зам тавих ажлыг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Хан-Уул дүүргийн 9,10 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус тус хатуу хучилттай зам барихаар өчигдөр нээлтээ хийж, шав тавих ёслол болов. Тус дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн давааны гэр хороололд тавигдах 1,2 километр замыг улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгөөр, есдүгээр хороо буюу Нисэхийн эцэст тавигдах 2,8 километр замыг 3,5 тэрбум төгрөгөөр тавих аж. Тухайн замыг Зам Тээврийн Хөгжлийн яамнаас зарласан тендерт шалгарсан компаниуд бөгөөд гэрээ ёсоор ирэх оны аравдугаар сард ашиглалтад орох боловч гүйцэтггэгч компаниуд өөрсдийн нөөц, хүч бололцоогоо ашиглан энэ ондоо дуусган хүлээлгэж өгөхөө мэдэгдэв.
 

Замын нээлтийг Зам Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нээж, үг хэлэв. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “ХУД-ийн 9,10,14,16 дугаар хороонд бүтээн байгууллалтын олон ажил хийгдэж байна. Гурван сургууль, хоёр цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн. Хоёр том замын ажил өнөөдөр хийгдэж байна. Энэ ажлууд энэ жилдээ багтаж дуусна. Хүүхэд залуучуудын Соёлын төв, эмнэлэг, ахмадын сувиллын барилга удахгүй эхэлнэ” гэж онцлов. Энэ үеэр албаны хүмүүс “Зам Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч онд салбарын сайдаар томилогдохоосоо өмнө зам тавих хөрөнгө мөнгийг хөөцөлдөж, УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэх үед мөнгө суулгуулснаар зам тавих ажил биелэлээ оллоо” хэмээж байв.
 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо нь 13850 хүн амтай, 3500 гаруй өрхтэй томоохон суурьшлын бүс. Тус хороонд 135 дугаар бага сургууль болон 49, 219, 230, 250 гэсэн дөрвөн цэцэрлэг байдаг.  Замын нээлтэд хүрэлцэн ирсэн ИТХ-ын төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт “Иргэд ая тухтай амьдрах боломж бүрдэж, шинэ замтай болж байгаад баяртай байна. Энэ зам бол баруун төв зам, ирэх онуудад зүүн төв замыг тавих төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Энэхүү замд хурд сааруулагч болон огцом эргэлтүүд дээр толь суулгах бөгөөд автобусны зогсоол гаргах гээд зохион байгуулалтын ажил тусгах юм байна. “Зам тавьснаар тус гэр хорооллын 770 өрхийн 3000 гаруй хүний ажиллаж амьдрах таатай нөхцлийн хангаад зогсохгүй орчны тоосжилтыг багасгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, цаашлаад нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих нөхцлийг бүрдүүлэх давуу талтай болно” гэж Зам Тээврийн Хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ч.Сугармаа хэллээ.

Морингийн давааны замын гүйцэтгэгчээр ажиллах “Заабар” ХХК-ний захирал З.Батбаяр “Манай компани 2001 онд байгуулагдсан бөгөөд Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 23 килемерт зам, Хархорин-Хужирт чиглэлийн 16 километр зам, Говь-Алтай аймгийн Алтай нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвасын зам зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан” гэв. 

Ийнхүү дараагийн нээлт есдүгээр хороонд үргэлжиллээ. Нисэхийн эцсийн буудлаас Буян-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай зам нь хоёр талдаа явган хүний замтай, 10 метрийн өргөнтэй далан, ус зайлуулах шугамтай, гэрэлтүүлэгчтэй, замын өргөн долоон метр байхаар шийджээ. Тус замын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Ди Вай Кэй Би” ХХК нь “Оргил” рашаан сувиллын урд талын уулзвар, Алтай хотхоны гүүр зэрэг олон ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай компани аж. 

Есдүгээр хороо нь 9226 хүн амтай, 2436 гаруй өрхтэй. Тус хороонд 134 дүгээр цэцэрлэг,114 дүгээр сургууль оршдог. “Засмал замтай болох нь манай хорооны иргэдийн олон жилийн мөрөөдөл” гэж тус хорооны Засаг дарга М.Насанжаргал хэллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top