ТОЙМ: “Токио 2020” наадмаас ОХУ-ыг хасах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Өнгөрсөн ням гарагийн өглөө (2019.06.02) гарсан Их Британийн “Sunday Times” сонины гол нийтлэл нь “ОХУ-ыг сэргээшийн хэргээр олимпийн наадмаас дахин хасна” гэсэн гарчигтай нийтлэл байлаа. Тус сонины сурвалжлагч Жорж Эрбатнон өндрийн харайлтын тамирчин Данила Лысенкогийн сэргээшийн хэргийн улмаас хөнгөн атлетикийн баг төдийгүй ОХУ-ын олимпийн шигшээ багийн бүх тамирчдыг Токиогийн олимпод оролцуулахгүй гэж найдвартай эх сурвалжаас авсан мэдээ байна гэж баталсан байлаа. Өөрөөр хэлбэл бокс, бөх, хөлбөмбөгийн тамирчид ч оролцохгүй болж байна гэсэн үг.

Өндрийн харайлтын тамирчин Лысенко өнгөрсөн зун сэргээшийн хэргээр тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Гэхдээ сэргээш хэрэглээд биш тэмцээн уралдаангүй үед хийдэг сэргээшийн шалгалтаас гурван удаа зайлсхийсэн гэж шийтгүүлсэн юм. Харин Оросын хөнгөн атлетикийн холбооноос тамирчнаа хамгаалах гэж эмнэлгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь хэргийн явцад тодорхой болсон. Энэ хэргийг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос одоо шалгаж байгаа бөгөөд Оросын тамирчид эх орныхоо нэрийн өмнөөс уралдах эрхгүй хэвээр байгаа. 

“Sunday Times” сонины нийтлэл энэ сарын 8-нд Монакод эхлэх Олон улсын хөнгөн атлетикийн холбооны чуулганы өмнө гарсан нь тохиолдлын хэрэг үү? Энэ чуулганаар орос тамирчдын хувь заяаг хэлэлцэхээр болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросын хөнгөн атлетикийн холбооны эрхийг нэн даруй сэргээх даалгавар холбоондоо өгөөд удаагүй байна. Ерөнхийлөгч В.Путиний нэр нөлөө, Оросын хөнгөн атлетикийн холбооны хийсэн ажлын үр дүнд Монакод Оросын хөнгөн атлетикчид эх орныхоо далбаан дор оролцох эрхээ сэргээх нь гэж үзэж байсан юм.

Гэвч англи сэтгүүлчийн мэдээлэл дахин нэг саад тотгор гаргах нь тодорхой боллоо. Лысенко өвчний улмаас сэргээшийн шалгалтад орж чадаагүй гэж Оросын хөнгөн атлетикийн холбоо мэдэгдсэн ч үнэндээ тэдний баримтад дурдагдсан эмнэлэг, онош тавьсан эмч огт байдаггүйг Арбутнотт эрэн сурвалжилсны дүнд тогтоож чаджээ.

ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлаг РУСАДА-гийн тэргүүн Юрий Ганус Хөнгөн атлетикийн холбооныхоо удирдлагад нээлттэй захидал бичиж, сайн дураар огцрохыг уриалсан. Ганус ямар нэг мэдээлэлтэй болоод л ийм уриалга гаргасан нь ойлгомжтой. Тэгэхээр хэрэв Барууны сэтгүүлчид дахин нэг нууц мэдээлэл илчлэхэд л ОХУ-ын хөнгөн атлетик төдийгүй бүх тамирчид эрхээ хасуулж магадгүй болоод байна.

Тухайн улс орныг олимпийн наадамд оролцох эсэхийг ОУОХ шийддэг. ОУОХ болон ОХУ-ны харилцаа 2018 оны Пёнчаны наадмаас хойш илт сайжраад байгаа. ОХУ-ын шигшээ баг ч далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлэх эрхээ буцаан авсан байсан. ОХУ-ын багийг “Токио 2020” наадмаас хасахын тулд ОУОХ тусгай чуулган зарлан хуралдуулах шаардлагатай. Чуулганаар гишүүдийн санал хураах гээд олон ажил гарна. Зургадугаар сард Лозаннад ОУОХ-ны чуулган хуралдах товтой байгаа. Тэгэхээр “Sunday Times” бас л нийтлэлээ гаргах цагаа “олсон” нь илэрхий байгаа юм. Гэхдээ Лозаннагийн чуулганы ажлын хөтөлбөрт Оросын  асуудал байхгүй. Хэн нэгэн хөнгөн атлетикийн тамирчнаас болж, бүтэн улсын баг олимпод орохгүй болох гэж үү?

Үнэхээр Лысенкогийн хэрэгт Оросын хөнгөн атлетикийн холбоо хамаатай нь тогтоогдвол  яах вэ гэдгийг авч үзье. Оросын хөнгөн атлетикчид одоогийнх шигээ Олон улсын холбооны нэр дээр Токиод уралдаж чадахгүй. Тэднийг Токиогийн олимпын наадмаас хасна. Хөнгөн атлетикийн тамирчидгүй бол ОХУ-ын шигшээ Токиод багийн дүнгээр дээгүүр байр эзэлнэ гэж байхгүй.

Харин яахаараа бусад спортын тамирчид хэлмэгдэх ёстой гэж? 2018 онд ОУОХ-ноос ОХУ-ыг шийтгэхдээ сэргээшийн хэрэгт өвлийн бүх спортын холбоо, өндөр тушаалын түшмэлүүд холбогдсон тул шийтгэсэн билээ. Энэ удаад ганцхан холбоо буюу хөнгөн атлетикийн тамичрны хэргээр бүтэн улсын шигшээг хасна гэхэд хэцүү.

ОХУ-ын ҮОХ-ны тэргүүн Станислав Поздняков энэ талаар “Их Британийн хэвлэлд гарсан зүйлийн талаар тайлбар хийх утгагүй хэрэг. Олон улсын чухал хурлын өмнө тэд байнга ийм сенсаац тараадаг хуучтай. ОУОХ-ноос манай багийг “Токио 2020”-д оролцуулах байр суурьтай байгаа. Бид сэргээшийн эсрэг бүх чадлаараа тэмцэж байна. Хэрэв хөнгөн атлетикийн холбооны удирдлага сэргээштэй холбогдсон бол бид өөрсдөө хатуу арга хэмжээ авна. Гэхдээ хувь хүн дээр авахаас бус хамт олноор нь шийтгэхгүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top