ЖДҮ-ийн сангаас 300 сая хүртэлх төгрөгийн ЗЭЭЛ ОЛГОНО

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.06.06/-ийн нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хуулийн гол зорилго бол зээл олгох биш юм. Үндсэн зорилго нь ажлын байр бий болгож, олон айл өрхийн амьжиргааг авч яваа хүмүүсийг дэмжихийн зэрэгцээ шинээр бизнес эрхлэх сонирхол, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, мөн гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэнд бизнес эрхлээд явахад нь тулгардаг хүндрэлийг арилгах, төрийн зүгээс  дэмжих дэмжлэгийг тодорхой болгоход чиглэж байгаа.

Бизнесийг дэмжих төрийн зохицуулалтын хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлсэн. Ингэснээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг бизнес эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдлээ. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн байдлыг хуульчилсан. Ингэснээр  институцийн тогтвортой байдлыг хангаж өгсөн гэж үзэж байна. Зээл олгох, сонгон шалгаруулах журмыг салбарын сайд биш Засгийн газар батлахаар өөрчилсөн. Ингэснээр зээл зорилтот бүлэгтээ хүрэх, ил тод, нээлттэй байдал сайжирч байна” гэлээ.

Үргэлжлүүлэн, өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжих, өргөжих боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ажилчдын тоо, борлуулалтын хэмжээ нэмэгдэх тусам боломжтой зээлийн хэмжээ нэмэгдэж байхаар зохицуулалт хийснийг тэмдэглэв.

Тухайлбал,  бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс жижиг рүү шилжсэн тохиолдолд боломжит зээлийн дээд хэмжээ 300.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөг болж нэмэгдэх,  дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа тохиолдолд арилжааны зээлийн хүүгийн 5 хүртэл хувь хэмжээнд төрөөс татаас авах боломж нээгдэж байгаа гэв.

Бизнес эрхлэгчид кластерийн хэлбэрээр хамтран ажиллах тохиолдолд төрөөс эн тэргүүнд санхүү, татвар, дэд бүтцийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр мөн хуульд тусгасан байна.

Харин ажлын байр шинээр бий болгох, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд борлуулалтын жилийн орлого 300 сая төгрөг хүртэл бол орлогын албан татвар 1 хувиар ногдуулах, татварын хялбаршуулсан тайлан гаргадаг болох, жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д 2030 он хүртэл төвлөрүүлэх, цаашид сан бие даан ажиллах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.

300 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар, түүнээс дээших 2.5 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг банкаар олгохоор хуульд тусгасан байна.

Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газарт шаардагдах хөрөнгийг 2020 оны төсвийн төсөлд тусгах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сангуудыг шинээр байгуулагдах агентлагийн бүтцэд шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж ирэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг цахимаар бүртгэх, цахим мэдээллийн сан бий болгох үүрэг өгсөн байна

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

0  |  0
Top