Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

УИХ-ын чуулганы өнөөдрийн ∕2020.05.07∕ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний албан тушаалд томилж, харин эзгүй байсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг тус тус томиллоо. 

Монголбанкны тухай хуульд заасны дагуу тэргүүн дэд ерөнхийлөгч томилуулах саналыг энэ сарын 06-нд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, олонх дэмжсэн билээ. Тус байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Тэрбээр “Г.Дөлгөөн нь Монголбанкны тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа болно. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Ундармаа зээлийн хүүг бууруулахад дорвитой арга хэмжээ авч шийдэмгий ажиллахыг санал болгов. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны өөрийн удирдлагыг нэмэгдүүлэхэд анхаарах тухай, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир банк, санхүүгийн салбарт хийгдэж байгаа эрх зүйн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй талаар үг хэлсэн. Тогтоолын төслүүд болон холбогдох материалыг бэлтгэн хүргүүлж байна” хэмээлээ.

Монголбанк нь ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчтэй байх зохицуулалттай. Үүний дагуу Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр, 2013-2015 онд Люксембургийн их сургуульд банк, санхүүгийн магистрын зэргийг тус тус хамгаалсан. 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-нд менежер, 2008-2013 онд Монголбанкинд нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд дадлагажигч, 2015-2016 онд Монголбанкинд ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай аж.

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Г.Энхтайван нь 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуульд Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг хамгаалжээ. Улмаар 2013 онд Их Британийн Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуульд Эрх зүйн магистрын зэрэг  хамгаалсан байна. Тэрбээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.47.7) 2020 оны 05 сарын 07

Очирхүүгийн хүү буугаад Ганбямбын хүү дарга болж байгаа ям байна

1  |  0
Унана Дөлгөөн (202.9.47.7) 2020 оны 05 сарын 07

\nАжилдаа бол маш муу, гэхдээ сошиалд сайн мөнгө зарсан болохоор магтуулаад, стратеги сайтай паразит залуу юмдаа

1  |  0
Top