ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг танилцуулав

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.29) хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлсэн тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар танилцуулав. Тэрбээр “УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүнээс 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дөрөвдүгээр сарын 29-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны өнөөдрийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тогтоолын төсөл дэх эмч, эмнэлгийн ажилтан, төрийн албан хаагчид зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах тухай заалтыг өргөжүүлж, төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан гэж өөрчлөх. Эдийн засгийг идэвхижүүлэх, хямралын эсрэг тусгай зориулалтын сан байгуулах талаар санал гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор тодорхой арга хэмжээ авах талаар шинэ заалт нэмэх зэрэг санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Элдэв-Очир нарын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг байнгын хороо дэмжсэн, дэмжээгүйгээр нь бүлэглэн та бүхэнд тараасан болно. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж өгөхийг та бүхнээс хүсье" хэмээн танилцууллаа.

.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top