2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд өчигдөр эхэллээ. Хамгийн эхний тоглолт манай нийслэлд болсон тул “Катар 2022” тэмцээн албан ёсоор Монголоос гараагаа эхэллээ гэсэн үг юм. Тоглолтын 9 дэх минутад багийн ахлагч Н.Цэдэнбалын хаалттай цохилтоос хийсэн гоёмсог гоол “Катар 2022”-ын анхны гоол болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна.
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Брунейн багтай хийж, 2:0-ээр хожлоо. Манай баг талбайдаа хийж буй эхний тоглолтдоо заавал хожих, аль болох олон тооны зөрүүтэй ялах зорилготой байсан.
Энэ зорилгоо биелүүлэхийн тулд хурдан гоол оруулах хэрэгтэй байлаа. Багийн ахлагч Н.Цэдэнбал 9 дэх минутад чөлөөт цохилтоос гоол оруулан, цэнгэлдэх хүрээлэнд цугласан үзэгчдийг баярлууллаа. Энэ өдөр МХБХ-ны ногоон талбайд 1600 үзэгч цугласан байлаа. Сүхбаатарын талбайд болж байгаа олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнтэй давхцсан тул хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн дүүрсэнгүй. Гэхдээ ирсэн үзэгчид Монголын шигшээ багийнхаа ялалтыг нүдээр үзэж чадсан юм.
Эхний хагаст 1:0-ээр давамгайлсан Монголын шигшээ баг хоёрдугаар үед дахин нэг гоол оруулж, Брунейн Даруссаламын багийг 2:0-ээр буулган авлаа. Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа Н.Наранболд тооны харьцааг 2:0 болгосон юм.
Хариу тоглолт 06-р сарын 11-нд 20:00 цагаас Бруней Даруссалам улсын талбайд болно. Хэрэв манай баг Брунейн талбайд ялж чадах юм бол Ази тивийн дараагийн шатанд шалгарна. Дараагийн шатанд Ази тивийн 40 баг найман хэсэгт хуваагдан тоглох юм.
Камбож - Пакистан - 2:0
Гоол: Чантхеа, 81 (1:0), Сокумпхеак, 84 (2:0).
Лаос - Бангладеш - 0:1
Гоол: Хасан, 71.
Макао - Шри-Ланк - 1:0
Гоол: Филипе Дуарте, 52.
Бутан - Гуам - 1:0
Гоол: Доржи, 35.
Сэтгэгдэл ( 0 )