Монгол эмэгтэйчүүд Стокхолм хотноо чуулж, хүчирхийллийн эсрэг төсөлд хандивлах есөн сая төгрөг босголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 08

Герман, Польш, Недерланд, Бельги, Чех, Монгол, Турк, Австри, Англи, Швед, Итали, Шотланд зэрэг орон орноос 120 гаруй зочид төлөөлөгчид маань Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос Эх Үрсийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оны Шилдэг Эмэгтэй 2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон «Эмэгтэйчүүд: Боловсрол, Шинжлэх Ухаан ба Инновац» сэдэвт форумын үйл ажиллагаа 2019 оны 6 дугаар сарын 1-нд Шведийн Хаант Улсын нийслэл Стокхолм хотод амжилттай боллоо.

Энэ чуулга уулзалтын хүрээнд “Эмэгтэйчүүд: Боловсрол, шинжлэх ухаан ба инновац” гэсэн сэдвийн дор дотоод гадаадад эрдэм судалгааны ажил хийж байгаа судлаач, эрдэмтэд илтгэл тавьж гурван чиглэлээр салбар хуралдаан хийлээ.

Шинэ шинэлэг санаа олох, туршлага судлах, хэрэгтэй мэдээлэл авах, бизнес хамтын ажиллагааны сүлжээг хөгжүүлэх зорилгоор энэхүү форумд европын 12 орноос төлөөлөгчид, Монголоос УИХ-н гишүүд, Ховд аймгийн шилдэг тэргүүлэгч эмэгтэйчүүд оролцож үйл ажиллагааны цар хүрээг тэлэн, хоорондын хамтын ажиллагааны сайхан боломжуудыг нээсэн томоохон цугларалт болсныг харууллаа. Чуулга уулзалт, хэлэлцүүлэг, сургалтанд оролцсон УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар чуулга уулзалтанд оролцогчидтой санал бодлоо солилцож, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Шинжлэх ухаан, технологийг инновацтай хослуулж байж улс орон хөгжинө гэдгийг олон жишээн дээр тайлбарлан оллн сайхан илтгэлүүдийг доктор профессор, эрдэмтэн судлаачид маань тавьлаа.  Хэдхэн жишээнээс дурдахад:

“Био анагаахын чиглэлээр Stockholm Karоlinska Анагаах ухааны их сургуулийн докторт суралцаж буй Б. Бямбажав дэлхийд хамгийн аюултайд тооцогддог зүрх судасны өвчнөөр монголчууд дээгүүрт орж байгаа нь үндэсний хэмжээнд аюулын харанга дэлдэж байгааг хэлээд, судалгааны ажил олон төрлийн хавсарсан өвчинтэй, янз бүрийн хүмүүсийг нэг эмээр эдгээх зорилготой олон жилийн судалгаа шинжилгээнүүд хийгдэж байна гэж хэлсэн нь Монголчуудын эрүүл мэндийн төлөө бүх л насаа зориулж байгаа тэр хүмүүсээр бахархмаар байлаа.

ХБНГУ-ын Кемниц хотын Текникийн их сургуулийн профессор Т. Уранчимэг “Өгөгдлийн олборлолт – судалгаанд суурилсан хөгжил” сэдвээр маш сонирхолтой илтгэлийг оролцогчиддоо хүргэлээ. Бид хамгийн багадаа 32GB багтаамжтай утастай байгаа гэтэл бид текнологын ачаар бүхэл бүтэн нэг номын сан зүгээр кармандаа хийчихсэн явж байдаг юм байна. Утсан дээрх өгөгдлүүдийг бид зөв ашиглаж хэрэглэж чадвал бидний цаг хугацаа, амьдралыг хялбарчлах, мэдээллийг ашиглан бизнес хийх олон боломжууд байгааг хүргэсэн нь чухал өгөөжтэй илтгэл байв.

Гайхамшигтай залуу соён гэгээрүүлэгч Цэрэнхандын Наранхандаас тусгаар тогтнолыг бага насанд нь таван хурууны аргаар зааж өгөх зэрэг эртний Монголчуудын сургаал айлдваруудаас суралцаж “Эх Үрийн Судар” номыг түгээлээ. Энэ номноос олон сайхан зүйл мэдэж, “Үрийг Хүмүүнжүүлэх Ухаан” номоор нь Европ-д амьдарч байгаа Монгол үрийг хүмүүнжүүлээд өгнөө гэж олон бүсгүйчүүд бахархан өгүүлж байлаа.

 

Финляндын уул уурхайн дэвшилтэт текнологи нэвтрүүлэгч Outotec компанийн монгол талыг хариуцсан менежер Д. Цолмонтуяа доорх уриалгыг гаргав:

“Уул уурхайн чиглэлийн текнологиудыг Монголдоо нэвтрүүлж, нэмүү өртөгтэй эцсийн бүтээгдхүүн гаргаж эдийн засагаа хөгжүүлье. Бидний өдөр тутам хэрэглэж буй гар утас, комьпютер, цахилгаан бараа зэргийг үйлдвэрлэхэд зэс болон үнэтэй металлууд чухал хэрэгтэй байдаг. Тиймээс бидэнд боломж байна.”

Мөн чуулга уулзалтын үед хилийн чанад дахь эх хэл соёлын багш нарын хэлэлцүүлэг, сургалтыг БСШУСЯ, Шведийн Хаант Улсад суугаа ЭСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын дэмжлэг, хамтын оролцоотойгоор зохион байгуулж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэг багш нарт сургалт явуулж цаашдын хамтын ажиллагааны үндсийг тавьсан нь багш нарын талархалыг хүлээлээ.

Гадаадад амьдарч байгаа монголчуудын хувьд шүдний өвчин болоод буй асуудлын нэг хүүхдүүдээ яаж монгол хэл соёлоо давхар эзэмшүүлж хос хэлтэй болгох талаар чухалчилан хэлэлцсэн төдийгүй Боловсролын яамнаас ч энэ асуудалд анхаарал хандуулж судалгаа шинжилгээний ажил, гарц гаргалаа хайж байгаа талаар Ш. Оюунцэцэг онцолсон юм.

Мөн олон монгол төвүүд, сургуулиуд цаашдаа хамтран ажиллаж, бие биенээсээ туршлага солилцон чөлөөтэй ярилцлаа.

Холбооны хүндэт Ерөнхийлөгч Д. Энхжаргал: Бүсгүйчүүд та бүхэн Монголоо дэлхийд Европ-д таниулж байгаа элч төлөөлөгч нар билээ, тэр талаараа улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа албан бус элчин сайдууд шүү гэж их эрч урам зоригийг Европ-т ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүддээ хайрлалаа.

Салбартаа тэргүүлэгч эмэгтэйчүүдтэй уулзаж, танилцаж эрч хүч авснаа олон сайхан бүсгүйчүүд илэрхийлж байлаа.

Европ дахь “Оны шилдэг эмэгтэй-2019″- ёслолын ажиллагааг:

– Боловсрол,

– Бизнес,

– Хүмүүнлэг,

– Шинжлэх Ухаан, Инновац,

– Шилдэг эмэгтэй оюутан гэсэн таван төрлийн нэр дэвшүүлэлтээр шалгаруулж шилдэгүүдээ тодруулав.

Боловсролын Салбарын Шилдэг Эмэгтэйгээр Швед-ээс Л.Үзмээ,

Бизнесийн Салбарын Шилдэг Эмэгтэйгээр Швед-ээс A. Рэгзэдмаа,

Хүмүүнлэгийн Салбарын Шилдэг Эмэгтэйгээр Бельги-ээс Д.Ундрал,

Шинжлэх Ухаан, Инновацийн Шилдэг Эмэгтэйгээр Герман-аас Н.Баяртаа,

Шилдэг Эмэгтэй Оюутанаар Швед-ээс У. Тэргэлсаран нараас гадна

Шилдэг гадаад дэмжигчээр Шотланд дахь Монгол Улсын өргөмжит консул Дэвид Скотт  шалгарлаа.

Мөн тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт , Нэхмэлчин Б.Гүнжинлхамд Тусгаар тогтнол одонгоор шагнасаныг гардуулсан бөгөөд шилдэг багш нар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсан сайхан үйл явдал боллоо.

Шилдэг эмэгтэйчүүд шалгаруулах ёслолын ажиллагаанд Английн парламентын гишүүн Жон Гроган, Шотланд дахь Монгол Улсын өргөмжит консул Дэвид Скотт нар оролцож мэндчилгээ хүргэсэн нь онцлог байлаа. Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн 9-р уулзалт 2020 оны 5 сарын 30нд БНТурк улсын Истанбул хотноо зохион байгуулагдах болно.

Хамгийн чухал нь энэхүү арга хэмжээ маань Монголд нүүрлээд буй Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд зориулагдан хандивын зориулалттай зохион байгуллагддагыг дахин дурдахын зэрэгцээ энэ жил 9 сая гаруй төгрөг босгож чадсан бахдам амжилт гаргалаа. Бидний үйл ажиллагааг дэмжин тусалсан:

Британи Монголын Худалдааны Танхим

Phanar Legal

Хүннү Эйр

МИАТ

Oyuna Cashmere

Ayuraa Moda

Nomin brand

Oxondon Coaching болон бүх хувь хүмүүстээ дахин талархал илэрхийлье.

Удахгүй бид өөрсдийн веб хуудасаараа дамжуулан Хүчирхийлэлийн Эсрэг Төсөл санхүүжүүлэх шалгаруулалт явуулахаар уралдааныг нийтэд зарлах болно.

Энэ удаагийн үйл ажиллагааг Хилийн Чанад дахь Монголчуудын Холбоо дэмжиж Швед дэх Монголчуудын Холбоотой хамтран, төрийн болон бус байгууллагууд, иргэдийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(103.212.118.108) 2019 оны 06 сарын 09

baahan geriin uilchlegch nar uulzaj demii yaritsgaasan um bhdaa

0  |  0
Top