Ц.Нямдорж: Шоронгоос 300 гаруй мессеж бичиж Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталсан байдаг

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан захидал саяхан олон нийтэд ил болсон билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой цөөн хором ярилцлаа.


-Талийгаач С.Зоригийн гэргий Б.Булганы танд хаягласан захидал өнгөрсөн долоо хоногт ил боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Надад ирсэн тэр захидал төрийн гурван өндөрлөгт ч очсон. Б.Булган "Эрүүдэн шүүсэн, 10 сар цагдан хоригдсон, гурван удаа мэдүүлэг өгсөн, энэ гурван хүн С.Зоригийн аминд хүрээгүй" гэх утгатай зүйлийг бичсэнээс гадна "Тэр үед 13 настай охин одоо нас биед хүрчихсэн. Охинтой чинь уулзая, хамт явъя гэх мэтээр тагнуулын Ажлын хэсгийнхэн миний охиноор оролдож эхэллээ. Миний өвөө хэлмэгдсэн. Би 10 сар хоригдлоо. Одоо гурав дахь үе рүү нь буюу миний охиноор оролдож эхэлж байна. Охиноор минь оролдохгүй байх арга хэмжээ авч өгөөч" гэж захидалдаа бичсэн байдаг. Сая тэр өргөдөл нь олон нийтэд ил болж байна билээ. Б.Булганыг эрүүдэн шүүсэн болж таарсан.

Тэр Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь оруулсан. Б.Чимгээг эрүүдэн шүүсэнтэй яг адилхан хэлбэрээр Б.Булганыг эрүүдэн шүүсэн байдаг. 

-Тухайн үед та ямар арга хэмжээ авсан юм бэ?

-Би тэр үед нь шалгаж байгаа газарт нь мэдэгдсэн. "Б.Булганаас ийм захидал ирлээ" гэж. Прокурорт ч, цагдаад ч, тагнуулд ч явуулсан. Үүнийг шалга гэж. Ер нь наад эрүүдэн шүүлт чинь анхнаасаа л ойлгомжтой байсан асуудал. Зүгээр л нас барсан хүний цогцсыг айлын хашаанд аваачсан, 300 гаруй мессеж шоронгоос бичсэн байдаг. Энэ бол эрүүдэн шүүх ажиллагааны сэтгэл санааны эрүүдэн шүүлт хэлбэрт орно. Ийм эрүүдэн шүүлт байсан учраас би 2016 оноос энэ асуудлыг ярьж эхэлсэн. Намайг дөнгөж өнөөдөр л ярьж байна гэж зарим нэг хэлэх гээд байх шиг байна. Сонгуультай холбоотой энэ асуудлыг ярьж байна гэж бодоод байх шиг байна. Би 2016 онд сонгууль дөнгөж ялсны дараа ярьж эхэлсэн.

Надад эрүүдэн шүүсэн нь дэндүү ойлгомжтой байсан. Тэр баахан мессеж чинь сэтгэл санааны эрүүдэн шүүлт шүү дээ.

Би сонгууль болохоос өмнө 2016 оны гуравдугаар сард ТЕГ-ын дарга, прокурор хоёрт "Энэ хэрэг дээр алдаа гарсан байх магадлал өндөр байна. Хэргээ сайн хянаж үз" гэж хэлээд нууцын зэрэглэлээр бичиг явуулж байсан. Одоо тэр хэрэг дотор нь миний бичиг бий. Ийм л зүйл болсон юм. 

-Б.Булганыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг ил болгоно гэж мэдэгдсэн. Хэзээ олон нийтэд дэлгэх вэ?

-Тэрийг Ж.Батзандан мэдэх байх. Өөрөө тиймэрхүү зүйл ярьж байх шиг байна билээ. Тэр бичлэг Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь оруулсан, тэр Б.Булган руу дайрч барьсан зүйл байна лээ. Гэхдээ энэ асуудалд хуулийн зөрчил бол тоогоо алдсан. Наад зах нь нэг хэргийн хоёр холбогдогчийг хамтад нь хорьж болдоггүй. Ял шийтгүүлсэн хүнийг цагдан хорьж байгаа хүнтэй хамт байлгах хориотой.

Энэ зүгээр нэг мэргэжлийн алдаа биш. Яг ийм байдлаар асуудлыг шийднэ гэж зохиол бичээд түүнийгээ үнэн болгохын тулд баахан хүмүүсийг эрүүдэн шүүж хэрэг зохиосон. Хамгийн аюултай зүйл нь энэ. Түүнээс хүн амины хэрэг мөрдөж байгаа хүнд алдах, сэжүүрээ буруу дэвшүүлэх зэрэг мэргэжлийн алдаа гардаг л даа, хааяа. Харин энэ бол мэргэжлийн алдаа огт биш. Ийм зүйл байгаа учраас би яриад байгаа юм. 

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд цацсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл үү?

-Ж.Батзандан нар асуудлаа ярьж л байна билээ. Ер нь бол ил болчихсон бичлэг шүү дээ. Тэр бичлэгийг тагнуулынхан сэргээсэн, түүнийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нууцаас гаргачихсан. Цэвэр нууцын талаасаа хууль зөрчсөн зүйл байхгүй. 

-ТЕГ-ын дарга асан Б.Хурц саяхан батлан даалтад гарсан. Хэрэг ямар шатандаа явна вэ?

-Эрүүдэн шүүлтийн хууль тогтоомж зөрчсөн цөөнгүй хүний асуудал өнгөрсөн пүрэв гарагт прокурорт шилжсэн. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. 

-Найман хүн холбогдсон биз дээ?

-Тийм. 

-Тэдний хэд нь хоригдож, хэд нь батлан даалтад гарсан бэ?

-Бүгд батлан даалтад гарчихсан. Дотор нь тагнуул, прокурор, шийдвэр гүйцэтгэхээс хүмүүс бий. Наад эрүүдэн шүүлттэй асуудалд чинь оролцоогүй хуулийн байгууллага гэж байхгүй. Шүүх, цагдаа, тагнуул зэрэг зургаан хуулийн гол байгууллага ил далд яман нэгэн хэлбэрээр оролцсон. 

-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Шуугиан гараад л байгаа. Тагнуул, цагдаатай ярьсан, бичиг авсан. АТГ-тай холбогдсон. Тийм мэдээлэл байхгүй гэж мэдэгдсэн. Нэг сонинд худал мэдээлэл тавьчихаад л түүнийгээ үнэн болгох гэж баахан оролдлоо шүү дээ. Үнэхээр ийм асуудал байсан бол баримтаа гаргаж тавих хэрэгтэй. Хуулийн байгууллагад гаргаад өгчихвөл асуудал цаашаа хөврөөд л явчихна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(106.254.162.113) 2019 оны 06 сарын 16

Одоо боль доо Нямдоржоо, Зориг агсны хэргээр яасан их попордог юм бэ, болоо бишүү, өчнөөн жил өөрөө юу хийж байсан юм бэ, өөрт чинь ер нь ичих булчирхай байна уу, учир зүггүй би, би гэх юм, залхмаар юмаа, үр удмаараа төрийн албанд хичнээн жил ажиллаж, хэдэн хууль орондоо засаж, хэр зэрэг шахах хийх .... гэж байна даа !!!!!!!!

1  |  0
бат(202.126.89.186) 2019 оны 06 сарын 11

ийм юманд хамаг цагаа үрж байхаар ач охин шиг чинь монголын үрсийг хүчирхийлж байгаа цагдаа нараа яах вэ гэж орондоо хууль засдаг шиг нойр чинь хульж даа хуулийн сайд гуай..ер нь таны ач охин хүчирхийлүүлж байна гэж төсөөлж ажилдаа анхаар даа . гэвч та чадахуу

0  |  0
бат(202.126.89.186) 2019 оны 06 сарын 11

ийм юманд хамаг цагаа үрж байхаар ач охин шиг чинь монголын үрсийг хүчирхийлж байгаа цагдаа нараа яах вэ гэж орондоо хууль засдаг шиг нойр чинь хульж даа хуулийн сайд гуай..ер нь таны ач охин хүчирхийлүүлж байна гэж төсөөлж ажилдаа анхаар даа . гэвч та чадахуу

0  |  0
бат(202.126.89.186) 2019 оны 06 сарын 11

ийм юманд хамаг цагаа үрж байхаар ач охин шиг чинь монголын үрсийг хүчирхийлж байгаа цагдаа нараа яах вэ гэж орондоо хууль засдаг шиг нойр чинь хульж даа хуулийн сайд гуай..ер нь таны ач охин хүчирхийлүүлж байна гэж төсөөлж ажилдаа анхаар даа . гэвч та чадахуу

0  |  0
бат(202.126.89.186) 2019 оны 06 сарын 11

аа

0  |  0
zochin (202.131.243.190) 2019 оны 06 сарын 10

hun helmegduulsen huuli zorchson etgeedude barij horioch

0  |  0
Top