УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн хоригт өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” үндсэн эрхийг хангах зорилт бүхий Өмгөөллийн тухай хуулийн ололттой зарим үзэл санаа, зохицуулалтыг дэмжиж байгаа боловч 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын Хуульчдын холбоонд бүрэн шилжсэн “Өмгөөлөгчдийн холбоо” гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй байна гэжээ. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, онцлог бүхий, манай Хуульчдын холбооных шиг тогтолцоо хэдийгээр түгээмэл биш боловч шүүмжлэн буруутгах үндэслэл болохгүй гэж үзжээ.
Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн хуульчдын бүртгэлийг Улсын дээд шүүхээс Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Өмгөөлөгчдийн холбооны Их Хурлыг зохион байгуулах, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо төрийн бус байгууллагын хөрөнгийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх” зэрэг зохицуулалтыг тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ”, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтын “төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг;”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна”, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна” гэсэнд нийцэхгүй, тус тус зөрчилдөж байна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал “Хоригийг хүлээж аваад хуулийг эргэж харах нь зүйтэй. Өнөөдөр 21800 төрийн бус байгууллага бүртгэлтэй ажиллаж байна. Эдгээрийг цэгцлэх ёстой. Хэрэв хууль оруулж ирээд холбоог нь хуульчлаад байвал бүх хуульд холбоодыг хуульчлах хэрэгтэй. Энэ нь төрөөсөө том эрх мэдэлтэй хуультай холбоод бий болгох гээд байна. Өмгөөллийн хууль хэрэгжээд эхлэхэд эцэс төгсгөлгүй маргаан үүсгэхээр байна. Ерөнхийлөгчийн хоригт Мэргэжлийн холбооны хууль гаргаач гэж байгаа. Миний санаачилсан хуулийн анхны хэлэлцүүлгийг хурдан хиймээр байна. манай холбоо том гэж ярьж суухын оронд Мэргэжлийн холбооны хуулиараа ажилламаар байна” гэлээ. Үүнд Ц.Мөнх-Оргил гишүүн “Мэргэжлийн холбоодын хуулийг гаргаж болно. Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг нэг тогтолцоонд оруулж хуульчилж болохгүй. Энэ бол хэдэн өмгөөлөгчдийг эрхлүүлээд байгаа хууль биш. Өмгөөлөгчдөөр дамжуулж хүний эрхийг хамгаалах гээд байгаа юм” хэмээн хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоо батлагдаж байгаа хуулиар Өмгөөлөгчдийн холбоо дотроо бүхнээ шийддэг болж байгаа. Прокурор шүүгчид чинь хуульчдын холбооны аижлд оролцохоо болиод удсан нь үнэн. Албан тушаалтайгаа байхын тулд янз бүрийн хүнийг холбоонд ажиллуулж байгааг үгүйсгэхгүй. Оролцох ёсгүй. Өмнө нь Ерөнхийлөгч өмгөөлөгчдийг хүлээж аваад хуультай болохыг дэмжинэ гэж байсан. Гэтэл хориг тавьсныг би гайхаад байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт өмгөөлөгчдийг хүний эрхийн төлөө явдаг болгох хуультай болгон гэж байсан” хэмээлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Учрал залуу хун байж нийгэмд омгоологчийн гуйцэтгэх естой уургийг огт ойлгохгуй байна Хуний эрхийг хамгаалдаг болгое гэвэл омгоологчдийг мэргэжлийн хувьд осгож хогжуулэх хэрэгтэй байгаа юм Шуугч прокурорд эрх мэдэл огт дутаагуй Харин омгоологчид унэн оровдолтэй нохцолд ажилладаг Шуугчид бол омгоологчдийг бур нулимдаг
хэрэгт холбогсдон хүний өмгөөлөгчийн үгийг илүү сонсч байх хэрэгтэй шүү. Хэрэг хийе гэж хийдэг хүн маш ховор байдаг юм!