Монголын шигшээ багийн түүхэн ялалт буюу Гарьдаагийн кино шиг замнал

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд орох эрхийн төлөө эхний тулаанаа маш амжилттай хийлээ.

Энэ сарын 6-нд Улаанбаатарт болсон эхний тоглолтод манай баг Брунейг 2:0 тэргүүлсэн. Хэдий ялалт байгуулсан ч дараагийн шатанд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр илүүрхсэн нь шалгарах тул манай хөгжөөн дэмжигчид сэтгэл түгшүүртэй үлдсэн билээ. Тавхан хоногийн дараа хариу тоглолт болно, бүгчим халуун Бруней улсад тоглоно гээд санаа зовох зүйл ч бишгүй байлаа. Эхний тоглолтод “Талын хөх чононууд” биеийн хүч, нурууны өндрөөр илт давамгай байсан. Тэд дахиад хоёр ч гоол хийх боломжтой байсан ч ашиглаж чадаагүй. Энэ ашиглаагүй гоол онооны зөрүүд нөлөөлөх магадлал ч байлаа. Тиймээс бид “Талын хөх чононууд”-аа Брунейд үдэн мордуулахдаа итгэл найдвар хүлээлгэхээс гадна эмээж, түгшиж байлаа. Үүнд бас нэгэн учир байсан. 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд Ази тивд эхэлсэн. Тэр тусмаа хамгийн эхний тоглолт манай нийслэлд болсон тул “Катар 2022” тэмцээн албан ёсоор Монголоос гараагаа эхэлсэн юм. Дөрвөн жилийн өмнө “ОХУ 2018” дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны хамгийн эхний тоглолт мөн л Улаанбаатарт болсон. Зүүн Тиморын багт 4:1, 1:0 ялагдаад хасагдсан манай баг “ОХУ 2018” тэмцээнээс хасагдсан анхны баг гэж бүтэн дөрвөн жил цоллуулж ирсэн билээ. Харин энэ удаад дэлхийн хэвлэл мэдээлэл “Катар 2022” дэлхийн аваргын тэмцээний эхний тойргийг хамгийн түрүүн давсан баг Монгол боллоо” гэж бичиж байна. Дөрвөн жилийн өмнө болсон энэ тоглолтын талаар дурсахгүй өнгөрөөж болохгүй бас нэгэн зүйл байгаа нь Зүүн Тиморын шигшээ багийг бид уг нь “ялсан” юм. Хэдий хоёр тоглолтод бид ялагдсан ч Зүүн Тиморын баг бүрэлдэхүүндээ гадаадын иргэншилтэй олон тоглогч гаргасан нь илэрч, Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Монголын шигшээг хоёр тоглолтод тус бүр 3:0, 3:0 ялсан гэж үзэн, манайд ялалт өгсөн. Харамсалтай нь энэ шийдвэр тоглолтоос хоёр жилийн дараа 2017 онд гарсан тул манай баг хоёрдугаар шатанд шалгарч чадаагүй юм. Хэрэв тэр үед Зүүн Тимор үнэн шударгаар тоглосон бол манай хөлбөмбөгийн хөгжил хэдэн жилээр урагшилсан байх байлаа.

Харин энэ удаа байдал өөр. “Талын хөх чононууд” хашир туршлагатай ахмадууд, шижигнэсэн залуучууд хосолсон туршлагатай баг болоод байгаа. Хариу тоглолтод ч чононууд үүнээ батлан харуулж чадсан юм.

Зургадугаар сарын 11 бол Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн дурсагдах өдөр болсон. Өмнө нь зургаан удаа оролцоод давж чадаагүй ДАШТ-ий эрхийн төлөөх урьдчилсан шатны эхний тойргийг Монголын шигшээ баг анх удаа давж чадлаа.

Халуун цаг агаар, өөрийн талбай, дэмжигчдийнхээ хүчээр Брунейн шигшээ баг эхний үеийг 2:0 тэргүүлж өндөрлүүлсэн. Хоёр тоглолтын тооны харьцаа тэнцүү, ялалт хэний ч талд ороход бэлэн, эвгүй тоо. 15 минутын завсарлагааны дараа манай баг огт өөр болоод талбайд гарсан байлаа. Заавал ялна, хожно гэсэн итгэл нь харагдаж, үр дүн нь 48 дахь минутад гарсан. Үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг 2:1 болголоо. Брунейн баг дараагийн шатанд шалгарахын тулд дахин хоёр гоол хийх шаардлагатай болсон тул энэ гоол өрсөлдөгч талд сэтгэл зүйн хүнд дарамт болсон. Тэд хичээж зүтгэсэн ч манай баг үлдсэн хугацаанд нягт нямбай хамгаалсаар нийлбэр дүнгээр 3:2-оор тэргүүлэн, ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

Дараагийн шатанд Ази тивийн 40 баг найман хэсэгт хуваагдан тоглоно. Сугалаа ирэх долдугаар сарын 17-нд Катарын Дохад болох бөгөөд нэг хэсэгт таван баг багтана. Япон, Иран, Өмнөд Солонгос зэрэг хүчирхэг гүрэнтэй нэг хэсэгт орох завшаан гарч байна гэсэн үг. Хэсэгтээ нийт найман тоглолт хийнэ. Дөрвөн удаа талбайдаа хүлээн авна. Тийм болохоор Брунейн багийг хожсон энэ ялалт Монголын хөлбөмбөгийн хөгжлийг арван жилээр урагшлуулсан ялалт байлаа.

Энэ тоглолтын дараа манай багийн хамгийн туршлагатай, ахмад тоглогч 34 настай Б.Гарьдмагнай зодог тайлснаа зарлалаа. “Эрчим”, “Мазаалай” багуудад хүчин зүтгэж явсан Гарьдаа 2003 оноос шигшээ багт хүчин зүтгэсэн. Хөгжөөн дэмжигчид нь түүнийг “Монголын Шави” хэмээн нэрлэдэг байлаа.

ДАШТ-ий урьдчилсан шатанд орох эрх Монгол Улсдаа авч өгөөд зодог тайлсан Б.Гарьдмагнай олон нийтийн сүлжээгээр дамжуулан, фэнүүддээ “Шигшээ багийн төлөө 37 удаа тогложээ. 2006, 2010, 2014, 2018, 2022 оны Дэлхийн аваргын сонгон шалгаруултанд оролцож, хоёр гоол хийж үзлээ. Анхны гоолоо Гуамын багийн хаалганд талбайн голоос цохиж оруулж байснаа хэзээ ч би мартахгүй ээ. Кино шиг сайхан төгсгөл гэж байдаг бол миний замнал яг л тийм сайхнаар төгслөө. Хамт тоглож байсан ах нар найзууд болон дүү, шавь нартаа баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү, хэзээ нэгэн цагт давна гэсэн даваагаа давлаа. Кино үргэлж сайхнаараа дуусна, баярлалаа. Шигшээ багтаа албан ёсоор баяртай гэж хэлье дээ” гэж бичсэн байлаа.

Тиймээ, кино үргэлж сайхнаараа дуусна, Монголын хөлбөмбөг хөгжсөөр, хүчирхэгжсээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.72.245.122) 2019 оны 06 сарын 13

уянгийн халил арвин байна

1  |  0
Top