Бельгийн шигшээ багийн тоглогч Эден Азар Английн “Челси” багаас Испанийн “Реал”-д шилжлээ. Түүний төлөө “Реал” баг 130 сая фунт стерлинг гаргахаар болсон нь тус багийн хувьд наймааны рекорд болж байгаа юм. Эден Азар “Челси” багийнхаа фэнүүдэд хандан, ил захидал бичжээ.
“Намайг Мадридын “Реал” багт орох болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэр багт тоглох нь миний хүүхэд ахуйн мөрөөдөл гэдгийг би нууж байгаагүй. Анхны гоолоо оруулаад баярлаж байсан жаахан хүү байхдаа л би “Реал”-д тоглохыг хүсдэг байсан. Гэхдээ би баг, хөгжөөн дэмжигчдийн хувьд хүнд хэцүү байсан сүүлийн хагас жил элдэв цуу яриа гаргахгүйн тулд чимээгүй байсан. Ямар ч тоглогч замналдаа шинэ алхам хийх хэрэгтэй байдаг. Та бүхэн намайг ойлгож байгаа гэдэгт би итгэж байна. “Челси”-гээс явах нь маш хүнд шийдвэр байлаа. Энд байх мөч болгоноосоо таашаал авч байсан тул “Реал”-аас өөр багт би хэзээ ч шилжихгүй байлаа. Би энд 21 настайдаа ирсэн. Би “Челси”-д хүн болж, төлөвшсөн. Та нарын ачаар би Бельгийн шигшээ багийн ахлагч болсон билээ. Хүнд хэцүү үе байсан ч энэ чинь л мэргэжлийн хөлбөмбөг шүү дээ. Би хамаг хүчээрээ хичээж, тоглодог байсан. Дайчин чанар, ялах хүсэл, хэзээ ч бууж өгөхгүй араншин бол “Челси”-гийн соёл, уламжлал юм. Хэзээ нэгэн цагт би “Кристал Пэлас”-т пенальти хийж чадалгүй алдаад, нэмж мөргөн гоол оруулж байснаа шар айраг уунгаа дурсан санах биз ээ. Тэр гоол бидэнд аваргын цом авчирч байсан билээ. “Стэмфорд Бриж” цэнгэлдэхээ хэзээ ч мартахгүй. Бид нэг гэр бүл шиг л байсан. Маш олон тэмцээнд түрүүллээ. Ялалт болгон онцлогтой. Сарын өмнө Бакуд болсон Европын лигийн финалд ялаад би багаа солих болсноо зарласан. Цомтой сална гэдэг хамгийн сайхан боломж. Багийнхаа бүх хүмүүст талархсанаа илэрхийлье. Та нарын ачаар би багын хоёр мөрөөдлөө биелүүлсэн. Нэг нь “Челси”-д тоглох. Хоёр дахь нь “Реал”-ын тоглогч болох.
Эден”
Сэтгэгдэл ( 0 )