Азарын танилцуулгад 50 мянган хүн ирсэн нь түүхэнд 6-д бичигдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Мадрид хотын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд Бельгийн шигшээ багийн ахлагч Эден Азарыг “Реал” багийн хөгжөөн дэмжигчдэд танилцуулах ёслол боллоо. 100 сая еврогоор ирсэн түүнийг харахаар цэнгэлдэхэд 50 мянган фэн ирсэн нь “Реал”-ын түүхэнд 3, дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд 6-д бичигдэх амжилт болжээ.

Азар “Реал”-ын бэлгэ тэмдгийг үнсэж, “Багадаа гудамжинд хөлбөмбөг тоглодог байхдаа л би “Реал”-ыг шүтдэг байсан. Би энэ багт хэзээ нэгэн цагт тоглоно гэж мөрөөддөг байсан” гэж хэлсэн нь хөгжөөн дэмжигчдэд тун их таалагдсан юм.  

Ингээд шинэ багт очиход нь хамгийн олон фэн угтан авсан тоглогчдыг танилцуулья.

1. Криштиану Роналду, “Реал” (75000 хүн)

2009 онд “Сантьяго Бернабеу”-д болсон Роналдуг танилцуулах ёслолд стадион дүүрэх шахсан. Одоогийн байдлаар Роналду рекорд амжилтыг эзэмшиж байна.

2. Диего Марадона, “Наполи” (65000)

Неаполь хотын “Сан Паоло” цэнгэлдэх хүрээлэнд одоо 65 мянган хүн багтахгүй. Харин тэр үед тус цэнгэлдэх 80 мянган хүний багтаамжтай байлаа. Марадонагийн рекорд 25 жил оршин тогтноод Роналдуд цохигдсон түүхтэй.

3. Златан Ибрагимович, “Барселона” (60000)

2009 онд “Камп Ноу”-д 60 мянган хүн цуглуулсан ч Ибрагийн “Барса” дахь замнал бүтэлгүй болсон.

4. Неймар, “Барселона” (57000)

2013 онд ирсэн Неймар үзэгчдийн тоогоор Ибрагаас гуравхан мянган хүнээр дутсан ч “Барса”-д илүү зохицсон билээ.

5. Кака, “Реал” (55000)

Криштиану Роналдугаас долоо хоногийн өмнө ирсэн Какаг харахаар “Сантьяго Бернабеу”-д маш олон хүн  ирсэн ч харамсалтай нь Кака шинэ багтаа гялалзтал тоглож чадаагүй.

6. Эден Азар, “Реал” (50000)

“Реал”-ын дарга нар Азарын танилцуулга Роналдугийн рекордыг эвдэнэ гэж найдаж байсан ч Азар бол Роналду биш гэдэг нь харагдсан.  

7. Фернандо Торрес, “Атлетико” (50000)

Багийнхаа түүхэн дэх хамгийн залуу ахлагчаа буцан ирэхэд “Висенте Кальдерон” дүүрэн хүнтэй угтан авсан юм.

8. Карлос Тевес, “Бока Хуниорс” (45000)

2015 онд Тевесийг эх орондоо харихад “Бока Хуниорс” домгоо ёслол төгөлдөр хүлээн авсан юм.

9. Хамес Родригес, “Реал” (36000)

Хамес Родригес ч Мадридад ёслол төгөлдөр ирж байлаа.

10. Давид Вилья, “Барселона” (35000)

2010 онд Давид Вилья “Валенси”-гаас “Барселона”-д ирсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top