Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байна. Үүнтэй холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар гүйцэтгүүлэхээр боллоо.
Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаах бөгөөд нэг цэгийн зам засварын ажлын үргэлжлэх урт 2-3 км байна. Иймд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.
Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Улаанбаатар хот доторх буюу Баруун турууны орчмын иргэд зорчихдоо Таван шар Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384 дүгээр км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
Харин орон нутгийн чиглэлд буюу “Дархан-Уул, Сэлэнгэ” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явна.
“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.
Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлтийг гүйцэтгэнэ үү.
Цаашид холбогдох мэдээллийг тухай бүрт олон нийтэд хүргэн ажиллах болно.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Сэтгэгдэл ( 0 )