Б.Батболд: Дарханы замд гардаг ослын тоо БУУРСАН

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2022.05.05/ замын хөдөлгөөний нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил осол хэргийн талаар мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллага энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 14 150 хэрэг бүртгэгдсэний 391 хэрэг нь замын осол хэрэг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг байна.

Улсын хэмжээнд зам тээврийн ослын 8258 осол гарч, гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 85 хүн амь насаа алдаж, 324 хүн гэмтжээ. Харин хүүхэд өртсөн осол 186 гарч 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхдийн амь нас хохирсон байна.

Түүнчлэн автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 391 гэмт хэргээс 120 хэрэгт мөрдөн байцаалтын хэрэг, 271 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгажээ.

Хурлын үеэр орон нутгийн замд гарч буй осол хэрэг, ялангуяа Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто замын нөхцөл байдал, ослын шалтгаан нөхцөлийн талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд дарга Б.Батболдоос тодрууллаа.

Тэрбээр “Сүүлийн үед Дархан-Сэлэнгэ чиглэлийн автозамын засварын асуудал олны анхаарлын төвд байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг болон Зам тээврийн яам, бусад төрийн байгууллагын оролцоотойгоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар багц дээр 48 км, дөрөвдүгээр багц дээр 53 км замын засварын ажил явагдаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас зам засварын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтарч, хяналт шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхээр Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн цагдаагийн алба хаагчдыг 24 цагийн хяналттайгаар хоёр зөөврийн хяналтын цэг, болон хөдөлгөөнт байдлаар ажиллаж байгаа.

Цагдаагийн албанаас зам тээврийн ослоос сэргийлэх чиглэлд Зам тээврийн яаманд хэд хэдэн асуудлаар бид санал хүргүүлээд байгаа. Тухайлбал, Дарханы замын чиглэлд осол гарах эрсдэлтэй 21 цэгийн мэдээллийг хүргүүлсэн, мөн тоосжилтыг дарах усалгаа, шөнийн цагаар замын зөөврийн гэрэлтүүлэгтэй болгох гэх мэт асуудлаар хамтран ажиллахаар, санал хүргүүлсэн” гэлээ.

Мөн энэ асуудлаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат “Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто замд гарсан осол, нас барсан гэмтсэн хүмүүсийн судалгааг Тээврийн цагдаагийн албанаас хийсэн. 2016-2021 он хүртэлх судалгаагаар энэ замд нас барсан, гэмтсэн хүмүүсийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа.  Ослын тоог авч үзвэл 2016 онд 215, 2021 онд 88 гээд буурсан байна. Нас барсан хүний тоо 2016 онд 30 2021 онд 8 хүн энэ чиглэлийн авто замд нас барсан бол гэмтсэн хүмүүсийн тоо 2016 онд 86 хүн, 2021 онд 36 болж буурчээ.

Энэ замд гарч буй осол, хэргийн тоо буурч байгаа шалтгааныг авч үзвэл тухайн замын нөхцөл байдлаас үүдээд зорчигчдын тоо буурсан. Мөн замын эвдрэл гэмтлээс шалтгаалж зорчигчид өөр зам сонгох, автомашинууд хурдаа тохируулан явж байгаатай холбоотой” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.70.228) 2022 оны 05 сарын 06

Буурсан эсэх нь ямар хамаа байна .мангар минь хүний амь нас,эд хөрөнгөнд аюул гараад байхад буурсан юм яриад тэнэгтэхээ болиоч.ийм нөхөр цагдаагийн цолыг ёстой гутааж байна.боловсрол бага нөхөр буурсан нь ажил сайжирсан хэрэг үү.ёстой үгээ олж ярьж чадахгүй мангар амьтан бэ.

0  |  0
Bidon(66.181.161.81) 2022 оны 05 сарын 05

Iimerkhuu dunhuu taavchignuud ih bnaa haha

0  |  0
Top