Тэр хувийн амьдралаа сэтгүүлчдээс нууцалдаг, илэн далангүй ярилцлага өгөөд байдаггүй. Тэр дэлхийн сагсан бөмбөг тоглодог хүн болгоны мөрөөддөг оргил дээр тун саяхан гарсан. Харин одоо Кавай NBA-гийн аварга болсон багаасаа явах гэж байна.
Өнгөрсөн зун Кавай Леонард баларсан мэт л санагдаж байлаа. Жинхэнэ супер од болон өссөн “Сан-Антонио” багаасаа Канадын “Торонто”-д шилжлээ. “Торонто” хэзээ ч том амжилт гаргаж байгаагүй бөгөөд Леброн Жеймсийн багт байнга хожигдсоор “Лебронто” гэдэг хочтой болоод байлаа. Төрөлх Лос-Анжелес хотынхоо багт тоглохыг хүсдэг гэх Леонардын хувьд лигийн хамгийн хойд зүгийн багт “цөлөгдсөн” нь нэг ёсны доромжлол мэт хүмүүст санагдаж байсан юм.
Гэмтэлтэй байхад нь хөлөө хэт “хайрлаж, гамнаад байна” гэж ад үзсэн “Сан-Антонио” багаа тэр алдсан. Хамтдаа лигийн аварга болж, шилдэг хамгаалагч, финалын шилдэг тоглогч болгосон дасгалжуулагчаа тэр орхисон. Пүүзийг нь өмсөн, сурталчилж байсан Майкл Жорданы компани түүнээс нүүрээ буруулсан. Энэ бүх явдлыг Кавай хэзээ ч хэвлэл мэдээллээр ярьж, тодруулга хийгээгүй. Тэр чимээгүй л байсан.
Кавай Леонард орчин үед амьдардаггүй хүн шиг л цахим ертөнц, хэвлэл мэдээллийг огт тоодоггүй. Найз бүсгүй нь бие давхар болсоныг тэр хэнд ч хэлээгүй. Учир нь гэр бүлийнхэн нь түүнээс болж дарамтад орохыг Кавай хүсээгүй юм. Түүний гэр бүлийн талаар ч мэдээлэл ховор. Кавай гэрийнхээ тав дахь хүүхэд, дээрээ дөрвөн эгчтэй. Аавыг нь Майк гэдэг байсан. Машин угаалгын газар ажиллуулж байгаад 2008 онд ажлын байрандаа алуулсан. Гэмт хэрэгтнүүдийг одоо болтол олоогүй байгаа.
Кавай Леонард 2014 онд “Майами”-гийн Леброн Жеймсийг хөдөлгөлгүй барьж чадсанаар жинхэнэ супер од болсон юм. Нэг улиралд шилдэг хамгаалан тоглогч, финалын цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хамт авсан тоглогч түүнээс гадна Хаким Олажьювон, Майкл Жордан хоёр л бий. Үнэхээр агуу тамирчидтай мөр зэргэцжээ. Харин хоёр өөр бүсийн багт финалын цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон хүн түүнээс өөр үгүй.
Одооноос эхлэн түүнийг Лебронтой харьцуулаад эхлэх нь ойлгомжтой. Төстэй зүйл тэдэнд үнэхээр бий. Хэн хэн нь биеийн хөгжил сайн, хамгаалалт, довтолгоо аль алиндаа шилдэг, очсон баг болгоноо зиндаа ахиулдаг эрхмүүд. Хаан Жеймс “Кливленд”-д анхны цомыг нь авч өгнө гэж амлаад хэлсэндээ хүрсэн бол Кавай юу ч амлаагүй. Гэхдээ бүхэл бүтэн улс оронд аваргын цом авч өгсөн.
Кавайд сэтгэлийн хөдөлгөөн бараг байдаггүй нь гайхалтай. "Уорриорз”-ийг ялсныхаа дараа тэр хэвлэлийн хурал дээр юу ч болоогүй юм шиг л ирсэн. Нүүрэнд нь ямар ч баяр баясгалан, инээд хөөр байсангүй. Аваргын цамц, оргилуун дарснаас хамгаалсан нарны шил байгаагүй бол түүнийг аваргын баяраас гараад ирсэн гэхэд хэн ч итгэхгүй байв. Хэдхэн минутын өмнө гайхамшгийг бүтээсэн хүн энэ мөн гэж үү? Ярицлага ч ямар нэгэн онцгой зүйлгүй хэвийн өнгөрч байсан ч ямар ч гэсэн нэг гэнэтийн шинэ мэдээ сэтгүүлчид сонсож чадсан.
“Би “Торонто”-д солилцоогоор очих болсноо мэдсэн тэр өдрөө Кайл Лоурид мэссэж бичсэн. “Сайн найз чинь багаа орхисонд ууртай байгааг чинь ойлгож байна. Гэхдээ энэ солилцоо Торонтод ашигтай байхаар хамтдаа зүтгэе. Хоёулаа ямар нэг онцгой зүйл хийе” гэж бичсэн юм. Өнөөдөр бид энэ онцгой зүйлээ хийж чадлаа” гэж Леонард эхлээд хэлсэн.
NBA-гийн аварга боллоо гээд Кавай хөөрөн баярласан, толгой нь эргэсэн зүйл алга байлаа. Түүнд цаашдын хийх ажлынх нь төлөвлөгөө ч байгаа нь илт. Сэтгүүлчид түүнээс “Аварга баг цаашдаа хэрхэн хөгжих бол? Та ямар бодолтой байна” гэж асуухад Кавай багаа орхин одно гэдгээ бараг шууд хэлчихлээ.
“Тэд энэ ялалтад тулгуурлаад улам хөгжиж чадна” гэж Кавай хэлсэн юм.
Хэрэв тэр үнэхээр аварга багаа орхиж байгаа бол зуны солилцоо наймааны зах халуухан болох нь дамжиггүй. Дюрант, Томпсон нар хүнд гэмтсэнээр зуны наймааны цонхны чөлөөт агент болсон ганц эрүүл од нь Кавай Леонард байх болно.
Кавай бол хамгийн нууцлаг, хамгийн гайхалтай од. Тэр Леброн биш, Майкл, Кобе ч биш. Тэр бол Кавай Леонард. Яг одоо бол дэлхийн шилдэг сагсан бөмбөгч. Канадын Эзэн хаан гээд хэлчихэд ч буруудахгүй. Гэхдээ маргааш юу болохыг тэр өөрөө л мэдэж байгаа.
Түүний тухай хэдэн сонирхолтой баримтыг дурдая. Кавай Леонардын гар жирийн хүний гараас 52 хувь том. Чигчий хуруунаас эрхий хуруу хүртэл 28,5 сантиметр. Царвууны урт 24.7 см. Түүнээс бөмбөг булаан авахад тун хэцүү.
Кавай их сургуульд байхдаа өөрийн “KL” бэлгэ тэмдгээ зурсан. Энэ тэмдэг нь хавчуур нэрээр дэлхийд алдаршсан билээ. Одоо тэр энэ логогоо буцаан авахаар шүүхэд “Жордан” брэндтэй заргалдаж байгаа. Учир нь тус брэнд хамтын ажиллагааны гэрээ анх байгуулахдаа логог нь хамт авсан гэж үзэж байгаа юм.
“Би ESPN үздэггүй, радио сонсдоггүй, би гэртээ хариад гэрбүлтэйгээ л хамт байдаг” гэж тэр хэлсэн. Кавай чөлөөт цагаа гэртээ өнгөрөөхийг хүсдэг хүн. Түүний тухай юу бичиж байгаа нь сонин биш, олон нийтийн сүлжээг сонирхдоггүй. СBS Sports-ийн нэгэн сэтгүүлч “Хэрэв та Кавай Леонард өөрийнхөө тухай ярьж байхыг сонссон бол та магадгүй энэ талаар сонссон хамгийн анхны хүн байх” гэж бичиж байлаа.
Түүнийг 16 настай байхад нь аав нь гэмт хэрэгтний гарт үрэгдсэн. “Аавынхаа хэлж байсан үг бүрийг санан, урагш алхахыг би хүсдэг. Яагаад гэвэл аав минь дээрээс намайг харж байгаа” Түүний мөрөн дээр “R.I.P. Dad” (Амгалан нойрс доо, аав аа) гэсэн шивээс бий.
Спортын алдартнууд, одод үнэтэй байшин, машин авч, казино, элдэв хүлээн авалтад орох дуртай бол Кавай тун даруухан. Оюутан байхдаа авсан хуучин “Шевроле Малибу” машинаа НБА-д орсон хойноо ч унасаар байлаа. “Явж хөдлөж байгаа машин хойно уналгүй яахав. Ямар ч гэсэн зардлаа нөхсөн” гэж тэр ярьж байв. Гэр бүлийнхэн, найз нөхөд нь удаан сэнхрүүлсний эцэст тэр “Porsche” авсан юм. “Сан-Антонио”-д тоглож байхдаа хэдэн жил түрээсийн байранд амьдарч байжээ.
Леонард бүх өрсөлдөгчөө бичлэг үзэн судалдаг. Зарим нэг тоглогчийг тусгайлан биш багийн довтолгооны бүтцийг задлан шинжилдэг байна. Тиймээс тэр өрсөлдөгч багийнхаа хамгийн сайн тоглогчийг хамгаалж тоглодог. Леброны тоглолтын тухай Кавай өөрөөс нь илүү сайн мэдэж байж ч магадгүй. Агуу дасгалжуулагч болох чанар ч тэр хэт даруухан тул дасгалжуулагчийн ажил түүнд зохихгүй байж мэдэх.
Сэтгэгдэл ( 0 )