Сурагчдын сонгосон мэргэжил хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Их, дээд сургуулийн амралт эхэлж “Хонхны баяр”-ын сүүл мушгин Соёл урлагийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль өнгөрөгч баасан гарагт баяраа тэмдэглэв. Дээрх хоёр сургууль гэхэд тус тус 400-аад оюутан төгсгөж амьдралын их далайд үджээ. Мөнгөн хонх, ганган дээл, цэвэрхэн хослол, цэлмэг мөрөөдөлтэй мянга мянган оюутнууд их дээд боловсрол эзэмшин өөр өөрийн мэргэжлээр ажил хөдөлмөр эрхэлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэн цаашид гүнзгийрүүлэн сурна. Нам гүмхэн анги танхим ахин шинэхэн оюутнуудаа тосон авахаар хүлээж буй. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 18100 гаруй хүүхэд өгөхөөр бүртгүүлжээ. Тэдгээр хүүхдүүд бүгд л улсын, хувийн аль нэг их дээд сургуульд орохоор шамдан буй. Саяхны нэгэн хурал дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс эх оронд маань ажилгүйдэл ядуурал их байгаа нь дипломтой ажилгүйчүүд ихэссэнийх. Бидэнд дээд боловсролтой ажилгүйчүүд биш, бүтээн байгуулалтад хуруу гар, уураг тархиа нэмэрлэх боловсон хүчин хэрэгтэй байна. Тиймээс Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон инженер технологийн сургуулиудыг  шинээр барих, шинэчлэн сайжруулах ажилд түлхүү анхаарна” гэсэн юм. Мөн үүний зэрэгцээ “Гуравхан сая хүнтэй, зуу гаруй их, дээд сургуультай улс орон манайхаас өөр байхгүй” гэдгийг онцолсон.

Олон Улсын Улаанбаатар их сургуулийн нэг жилийн төлбөр нь 2.2 сая, Төрийн өмчит Улаанбаатар их сургууль 2.258.000, МУИС 3.5-3.8 сая, “Их Засаг” их сургууль 2.2-2.250.000, “Шихихутуг” их сургууль 3.4 сая, “Этүгэн” их сургууль 2.5 сая гээд олон их дээд сургуулийн төлбөрийн жагсаалтыг гаргавал дуусашгүй...

Үр хүүхдээ дээд боловсролтой сэхээтэн болгохыг эцэг эх хүсэх нь мэдээж, гэтэл дээд боловсролтонгууд нь хар бор ажил хийхгүй гараа хумхиад суухаар хэн барилга байшин барьж, зам гүүр босгох вэ? Алийн болгон япон инженер, хятад ажилчдыг зуу зуугаар нь авчирч “тэжээхэв”. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил өдрөөс өдөрт эрчимтэй хөгжиж буй энэ үед энэ салбарт гар бие оролцох нэг монгол ажилтны цаана дунджаар дөрвөн монгол хүн байгаа гэж тооцох хэрэгтэй. Хар ухаанаар бодоход нэг компани 100 монгол ажилтантай гэж үзэхэд 500 хүн дутагдах гачигдах юмгүй амьдарна гэсэн үг. Монгол Улсад 2017-2018 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 83 төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 нь төрийн өмчийн, 33 нь хувийн өмчийн сургууль байна. Нийт МСҮТ-ийн 49 нь бие даасан, 19 нь коллежийн, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяа ажээ. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь 2018-2019 оны хичээлийн жилд 35.8 мянган суралцагчид суралцаж байгаа нь өмнөх оноос 4.3 мянгаар буурсан байна. Иймд улс эх орондоо хувь нэмрээ оруулах боловсон хүчнийг бэлтгэхэд Засгийн газраас анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм. Барилгын политехникийн коллеж нь үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд 2012 онд хоёр дахь удаагаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургууль болсон. Барилгын 10 мэргэжлээр бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан, долоон мэргэжлээр тусгай дунд боловсролтой техникч, 10 мэргэжлээр мэргэжил олгох түр сургалтууд явуулдаг. Ази, Номхон далайн бүс нутгийн 29 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэх, дипломтой төгсгөдөг ажээ. Оюутнууд нь суралцах хугацаандаа тус сургууль дээр явагддаг мэргэжлийн түр дамжаанд суралцаж, хос мэргэжил эзэмшин төгсөх бүрэн бололцоотой байдгаараа онцлог юм. Мэргэжлийн боловсролоор Барилгын мэргэжлээр суралцана. 2.5 жил үнэ төлбөргүй суралцах боломж бий. Дашрамд дуулгахад, 2019 оны төсвийн төслийг өргөн барихдаа МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг олгохоор тусгажээ. Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж нь Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтан, Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан, Өгөгдлийн сангийн оператор, Цахилгаан тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, Цахим хэрэгслийн засварчин, Авто машины засварчин, Гануурчин, Цахилгаанчин, Үсчин, Гоо засалч, Зураач чимэглэгч, Монгол дархан, Уран сийлбэрч, Арьсан урлал, Хүүхэлдэй, бэлэг дурсгалын урлагийн мэргэжлээр оюутнууд бэлтгэж дэргэдээ байгуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөрөө цагийн ажил болон ажлын байр олгодог нь олзуурхууштай. Дэлхий дахинаа боловсролын салбарт заавал их дээд сургууль эзэмшсэнээр сайхан амьдардаг юм биш ээ, тухайн хүн дуртай ажлаа хийгээд, дуртай зүйлээ бүтээгээд явбал амжилтанд хүрнэ гэсэн хандлага Япон, Солонгос, Хятад улсаас давалгаалж барууны орнуудад түгэн дэлгэрчээ. Сонголт эцэг эхчүүд болон аравдугаар ангиа төгсөж буй хүүхдүүдийн гарт буй бөгөөд өөрийн амьдралаа хэрхэн аз жаргалтай, төгс төгөлдөр цогцлоох вэ гэдэг гагцхүү тухайн хүний оюун тархи, зүрх сэтгэл, хичээл зүтгэлд буй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Олон мянган хүүхэд их дээд сургуульд суралцахаар, мэргэжлээ сонгохоор төлөвлөж байгаа энэ үед их дээд сургуулиудын тухай товчхон мэдээлэл хүргэж сургалтын төлбөрийн тухай мэдээлэхийг зорьлоо.

Монгол Улсын их сургууль нь Шинжлэх ухааны их сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны иженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Эрдэнэт, болон Завханд салбар сургуультай. Энэ жил сургалтын төлбөрөө нэмэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөр дунджаар 98.600 төгрөг, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн нэг багц цагийн төлбөр дунджаар 115.000 төгрөг байна. Шинжлэх ухаан техникийн их сургууль нь Барилга архитектурын сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Геологи, уул уурхайн сургууль, Механик тээврийн сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Эрчим хүчний сургууль, Гадаад хэлний институтээрээ оюутан элсүүлж боловсрол эзэмшүүлж байна. Тус сургууль нь 2018 оны зургаадугаар сарын 18-ны тогтоолоор баталсан 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын нэг кредитийн төлбөр нь дунджаар 74.900 төгрөг байгаа бөгөөд ирэх намар нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Монгол улсын боловсролын их сургууль нь Багшийн сургууль, Боловсрол судлалын сургууль, Математик, байгалийн ухааны сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Биеийн тамирын сургууль, Дүрслэх урлаг технологийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг гэсэн салбаруудаар мэргэжил олгож  нэг жилийн төлбөрийн дундаж нь  2.1-2.3 сая байгааг хонхны баяр хийж буй төгсөгчдийн амнаас сонссон юм. Хөдөө аж ахуйн их сургууль нь Мал эмнэлгийн сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Инженер технологийн сургууль, Агроэкологийн сургууль, Эдийн засаг, бизнесийн сургуулиудаараа ХАА-н салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Монголдоо цор ганц сургууль. Нэг кредит нь дунджаар 75000 бөгөөд жилийн төлбөр нь 2.2-2.5 сая төгрөг байна. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн тухайд Эм зүйч -2.0, Уламжлалт анагаах ухааны их эмч 2.3, Эмийн үйлдвэрийн инженер технологич 2.5, Сувилагч- 2.2 сая төгрөгийн төлбөртэй.

“Улс эх оронд маань ажилгүйдэл ядуурал их байгаа нь дипломтой ажилгүйчүүд ихэссэнийх. Бидэнд дээд боловсролтой ажилгүйчүүд биш, бүтээн байгуулалтад хуруу гар, уураг тархиа нэмэрлэх боловсон хүчин хэрэгтэй байна. Тиймээс Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон инженер технологийн сургуулиудыг  шинээр барих, шинэчлэн сайжруулах ажилд түлхүү анхаарна”

Соёл урлагийн их сургууль нь Дүрслэх дизайн урлагийн сургууль, Соёлын сургууль, Бүжгийн урлагийн сургууль, Хөгжмийн урлагийн сургууль, Театрын урлагийн сургууль, Радио, телевиз, медиа урлагийн сургууль, Завхан дахь Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлаг судлалын хүрээлэн, Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерватори зэрэг салбаруудтай. Үүнээс бакалварын түвшний зургаан сургууль бий. 2019 онд шинээр элсэх оюутны төлбөрийн нэг кредитийн төлбөр таван хувь нэмэгдэж дунджаар 65700 болсон бол бусад курсын төлбөр нэг нэг кредит нь төлбөр дунджаар 62.500 хэвээрээ байгааг хэлж байв.

Тэгвэл Олон Улсын Улаанбаатар их сургуулийн нэг жилийн төлбөр нь 2.2 сая, Төрийн өмчит Улаанбаатар их сургууль 2.258.000, МУИС 3.5- 3.8 сая, “Их Засаг” их сургууль 2.2 саяас 2.250.000, “Шихихутуг” их сургууль 3.4 сая,  “Этүгэн” их сургууль 2.5 сая, Санхүү Эдийн засгийн их сургууль  5.0 сая төгрөг гээд олон их, дээд сургуулийн төлбөрийн жагсаалтыг гаргавал дуусашгүй. Эцэст нь хэлэхэд дэлхийн технологи үйлдвэрлэлийн гигантууд нутаггүй уураг тархийг олзлож авахын төлөө их, дээд сургуулиудыг өрсөлдөөнд оруулж байна. Тэр өрсөлдөөнд бэлтгэж ялангуяа инженерийн сургуулиа англи хэл дээр хичээл заадаг болгох хэрэгтэй. Энэ нь хөрвөх анхдагч нөхцөл бөгөөд Японд гэхэд 34 их дээд сургуульд 12 мянган гадаадын оюутан залуус англи хэл дээр суралцаж байна. Энэ нь цаашлаад томоохон орнуудын хөгжлийн загварыг буулгах, нутагшуулахад дөхөм болно. Доктор Л.Түдэв “Мэдээлэл бол хөгжихөд хэрэг болох шинэ зууны гол түлхүүр юм. Тиймээс мэдээлэл ихтэй байж түүнийг хэрэглэн хөгжил дэвшилдээ ашиглах нь нэн чухал тул өнөөгийн Амөрик, Япон улсын хөдөлмөрийн чадвартай иргэдийн 50-иас илүү хувь нь мэдээллийн салбарт ажиллах болжээ. Шинэ зууны нэг тэргүүлэх мэргэжил бол мэдээлэл, зөвлөмж өгөгч гэж дээрх улс үнэлэн үздэг боллоо” гэжээ. Энэ нь ч бас бодууштай хэрэг. Аль ч салбарт технологийн өндөр хөгжил хүүхдүүдийг заримдаа эцэг эхээсээ, багш нараасаа ч илүү хурдан мэдээлэл авч, хариу үйлдэл үзүүлэх боломж олгож байгаа тул бид өөрсдөө тэднээс хоцрохгүй зөв чигт нь залж өгөх, байнга сонсогч байж цаг үеэ даган дасах зохицох үүрэг хүлээж байна. Энэ эрин үед эцэг эх та хүүхдээ хэн болгохоо шийдсэн үү?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top