Засгийн газрын өнөөдрийн /2019.06.19/ ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбатыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан уг албан тушаалд нөхөн томилгоо хийх шаардлага үүссэн юм.
Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондоны их сургуулийн Хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар, 2018 оны 12-р сараас ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )