Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хувьд 23 мянган оршин суугчтай, 5000 гаруй сургуулийн насны, 2800 орчим цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Гэтэл цорын ганц ерөнхий боловсролын сургууль болох 133 дугаар сургууль нь 2017 онд шинээр байгуулагдсан. Нийт 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллэдэг байсан юм.
Өнгөрсөн тавдугаар сарын эхээр УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны хүмүүс сургуулийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, эцэг, эхчүүд, сургуулийн удирдлагуудтай уулзсан билээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар газрын асуудлыг яаралтай шийдэж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурах эрхийг хангах хугацаатай үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгч байсан юм.
Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр (2019.06.18) А/596 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам.метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олгосон юм.
Тэгвэл өнөөдөр (2019.06.19) 920 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнууд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн төлөөлөл, 133 дугаар сургуулийн багш ажилтнууд оролцлоо.
Шав тавих ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд, сурагч багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн хувьд өнөөдөр түүхэн өдөр болж байна. Энэ сургуулийн газрын асуудал олон жил яригдаж ирсэн. Төсөв нь батлагдаад гүйцэтгэгч компани шалгарсан байхад газар нь шийдэгдээгүй гурван жил болсон. Өнөөдөр газрын асуудлыг шийдэж, барилгын шавыг тавьж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд асар өндөр хариуцлага ирж байна. Энэ ондоо багтааж сургуулийн байрыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Нийслэлээс бүх асуудлыг шийдэж өгсөн” хэмээв.
Түүнчлэн нийслэлээс гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2019 ондоо багтааж хоёр ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 73 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг барьж хүртээмжийг 85 хувьд хүргэх, 33 сургуулийг шинээр барих, найман спорт заалыг барих гэх мэт төслүүдийг хэрэгжүүлж байгаа талаараа тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон.
Ийнхүү Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдсэн захирамж гаргаснаар барилгын ажил нь удахгүй эхэлж, тус сургуульд суралцдаг 1540 хүүхэд болон энэ онд нэгдүгээр ангид шинээр элсэн орох 680 орчим хүүхэд, багачуудын сурч хөгжих нөхцөл бүрдэхээр боллоо
Сэтгэгдэл ( 0 )