“Токио 2020” олимпын боксын тэмцээн 13 жинд явагдана

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

ОУОХ-ноос ирэх жил болох “Токио 2020” олимпын наадмын боксын тэмцээнийг зохион байгуулах шинэ хөтөлбөрөө гаргажээ. Тус холбооны захирал Кристиан Клауэ Токиод боксын тэмцээн явагдах жингүүдийг танилцууллаа. Токиод боксчид эрэгтэй 52 кг, 57 кг, 63 кг, 69 кг, 75 кг, 81 кг, 91 кг, +91 кг гэсэн найман жин, эмэгтэйчүүд 51 кг, 57 кг, 60 кг, 69 кг, 75 кг-ын таван жинд өрсөлдөнө.

Өнгөрсөн “Рио 2016” наадамд эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд 3 жинд өрсөлдөж байсан юм. ОУОХ-ноос Олон улсын сонирхогчдын боксын холбооны гишүүнчлэлийг цуцлан, Токиогийн олимпын боксын тэмцээнийг бие даан зохион байгуулахаар болсон. Шинэ системээр тив тус бүрт олимпын эрх олгох тэмцээн зохион байгуулна. Мөн Дэлхийн урьдчилсан тэмцээн хийж, олимпын эрх олгох юм. Эрхийн тэмцээнүүд ирэх оны 1-5 дугаар сард зохион байгуулагдах бөгөөд явагдах газар, хугацааг дараа зарлах гэнэ.

Ингэснээр есдүгээр сард  Екатеринбургт болох эрэгтэйчүүдийн ДАШТ, аравдугаар сард Улаан-Үдэд болох эмэгтэйчүүдийн ДАШТ олимпын эрх олгох эрхгүй боллоо.

Манай боксчид олимпын наадмаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байсан.

Бээжингийн олимпод Э.Бадар-Ууган 54 кг-ын жинд алт, П.Сэрдамба 48 кг-д мөнгө, Лондоны олимпод Н.Төгсцогт 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байлаа. Харин Н.Энхбат Сөүлийн олимпод 60 кг, Н.Баярсайхан Барселонагийн олимпод 60 кг, У.Мөнх-Эрдэнэ Лондоны олимпод 64 кг, Риогийн олимпод Д.Отгондалай 60 кг-д тус бүр хүрэл медаль авч байсан билээ. Манайхны хамгийн олон олимпын медаль авсан 60 кг-ын жин олимпын жин биш болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top