3x3 сагсан бөмбөгийн талаар товч дурдахуй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Энэ сарын 18-23-нд Голландын нийслэл Амстердам хотод 3x3 сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн болох “Дэлхийн Цом”-ын тэмцээн явагдаж байна. Эрэгтэй 20, эмэгтэй 20 багийн тулаан тун өрсөлдөөнтэй явагдаж байгаа.

Манай эрэгтэйчүүд Орос, Эстонийн багийг дараалан ялж, гараагаа тун сайхан эхлүүлсэн ч өчигдөр Пуэрто Рикод 18:21, Украины багт ялагдан, тэмцээнээ өндөрлүүллээ. Сүүлийн тоглолтод Украины багтай тэнцэн, нэмэлт цагт 17:18 тун харамсалтай ялагдсанаар хэсгээсээ гарч чадсангүй.

Эмэгтэйчүүдийн шигшээ баг дөрөв ялагдаж, хэсэгтээ сүүлийн байр эзэлжээ.  

Монгол – Чех 14:20

Монгол – Испани 13:18

Эрэгтэй:

A хэсэг: АНУ, Голланд, Серби, Турк, БНСУ

B хэсэг: 1. Украин - 3 ялалт, 2. Пуэрто-Рико - 3, 3. Монгол - 2, 4. Эстони - 1, 5. ОХУ - 1.

C хэсэг: Словени, БНХАУ, Литва, Катар, Франц

D хэсэг: Япон, Латви, Бразил, Польш, Австрали

Эмэгтэй:

A хэсэг: БНХАУ, Голланд, Унгар, Латви, Туркменистан

B хэсэг: Франц, Япон, Швейцар, Австрали, Андорра

C хэсэг: 1. Испани – 4 ялалт, 2. Румын – 3, 3. Чех - 2, 4. Иран - 1, 5. Монгол - 0

D хэсэг: ОХУ, Украин, Индонез, Итали, Шинэ Зеланд

3×3 сагсан бөмбөг бол стритбол биш

Дэлхийн Цомд оролцож байгаа Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг: Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн, Энхтайваны Цэрэнбаатар, Цогтын Отгонжаргал.

Эмэгтэйчүүдийн шигшээ баг: Баатарын Болор-Эрдэнэ, Баясгалангийн Солонго, Даваасүрэнгийн Ганзул, Энхтайваны Чимэддолгор.

Хэсэг бүрээс шилдэг хоёр баг плей-офф шатанд шалгарна. Энэ сарын 22-нд хасагдах шатны эхний тоглолтууд болж, 23-нд хагас шигшээ, медалийн төлөөх тоглолтууд явагдана.

Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг 2017 оны Азийн аварга, 2018, 2019 оны Азийн аваргын хошой мөнгөн медальтай.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдэд Серби, эмэгтэйчүүдээс Италийн шигшээ баг түрүүлж байв.

“Дэлхийн Цом”-ын тэмцээнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж бас нэрлэж байгаа нь алдаа биш. Хөл бөмбөгт ч ДАШТ-ээ “Дэлхийн Цом” гэж нэрлэдэг тохиолдол бий.

Спортын энэ төрлийг анх “Гудамжны сагс”, “Стритбол” хэмээн нэрлэж байсан ч үнэн зөв нэр нь 3×3 сагсан бөмбөг юм. Стритболд дүрэм, тоглогчдын тоо ч өөр байдаг. Жижиг сагсан бөмбөгний төрлүүдээс 3×3 төрөл л олимпын хөтөлбөрт багтсан. “Гудамжнаас олимпын наадамд” гэсэн уриатай байсан ч гудамж гэдэг үгнээс салах цаг иржээ. Олимпын наадамд орж чадсанаас гадна 3×3 төрлийг заал танхимд ч тоглож болох билээ.

Гадаадын орнуудад том худалдааны төв, талбайд тэмцээн уралдаан зохион байгуулах нь олонтаа. Гэхдээ Эйфелийн цамхаг, Прагийн цайзны өмнө тоглохыг тамирчид хамгийн их хүсдэг. Амстердамд алдарт Музеумплейн талбайд 3×3 сагсан бөмбөгийн талбай байрлуулсан байдаг.

3×3 сагсан бөмбөг яаж тоглодог вэ

Жинхэнэ сагсан бөмбөгөөс ялгаатай хамгийн том онцлог бол нэг самбарт тоглодог. Стандарт талбайн талыг аваад (5×5 сагсан бөмбөгт 15×28 метр) хурд, өрсөлдөөнийг нэмэхийн тулд бага зэрэг богиносгожээ.

Бас нэгэн онцлог нь ойр, дундын зайнаас хийсэн гоол нэг оноо авдаг. Харин холын зай буюу 6,75 метрийн радиустай шугамны гаднаас  оруулахад ердөө хоёр оноотой. Том сагсан бөмбөгт гурван онооны шидэлт гэж ярьдаг бол энд холын шидэлт нь хоёр оноотой. Энэ бол маш том ялгаа юм. Учир нь их сагсан бөмбөгт холын зайн оноо жирийн гоолоос 1.5 дахин л их байгаа бол 3×3 төрөлд хоёр дахин их байгаа нь холоос оноо түүн, хөөн гүйцэх боломж олгодог.

Бөмбөг нь ч өвөрмөц. Нэгдүгээрт хэлбэр нь өөр. Хоёрдугаарт, бага зэрэг жижиг. Өөрөөр хэлбэл их сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн тоглодог бөмбөгний хэмжээтэй. Гэхдээ жин нь 5×5 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн бөмбөгтэй ижилхэн.

Талбайн хучилт өөр. Задгай талбайд тоглоход тохирсон гудамжны шороо тоос, борооны усыг  шингээдэг тусгай бүрхүүлтэй.

Дүрэм

Нэг баг дөрвөн хүнтэй. (3 тоглогч талбайд, нэг сэлгээтэй). Албан ёсоор багийн дасгалжуулагч гэж байхгүй. Дасгалжуулагч байлаа ч үзэгчдийн дунд суух бөгөөд тоглолтын үеэр зөвлөгөө өгөх эрхгүй. Хэрэв хашгараад байвал техникийн алдаагаар багийг торгоно. Ингэхээр тамирчид өөрсдөө сэлгээ, тактикаа шийдээд явахаас гадна завсарлагыг ч тамирчид л захиалдаг.

Хэрэв их сагсан бөмбөгт ямар баг аль хэсэгт тоглож байгаа нь тодорхой бол 3×3 сагсан бөмбөгт нэг л цагаригт довтолно. Гэхдээ өрсөлдөгч багийн довтолгооны дараа бөмбөг аваад шууд цагариганд довтолж болохгүй. Заавал хоёр онооны шидэлтийн шугамаас гарах ёстой. Бөмбөг аваад өөрөө залаад гарч болно, үгүй бол шугамын гадна байгаа тоглогчдоо дамжуулалт өгч болно. Ингэсэн тохиолдолд өөрөө заавал шугамаас гарах шаардлагагүй. Хэрэв гаргахгүй шууд цагаригт довтолбол өөрийн цагаригт гоол хийсэн хэрэг болно. Мэдээж оноо өгөхгүй ч бөмбөгийг хурааж авна.

3×3 сагсан бөмбөг маш хурдан явагддаг. Өдөрт дөрвөн удаа тоглох үе ч бий. Гэхдээ “Дэлхийн Цом”-д өдөрт хоёр л тоглоно. Тоглолт цэвэр 10 минут үргэлжилнэ. Гэхдээ аль нэг баг нь 21 оноо авбал тоглолтыг дуусгадаг дүрэмтэй. 20 оноотой байхдаа холоос шидэн хоёр оноо авч, 22 оноогоор ялах нь 3×3 сагсан бөмбөгт хамгийн тансагт тооцогддог.

10 минут тоглоод оноо тэнцвэл нэмэлт үе тоглоно. Тодорхой хугацаагүй, хоёр оноо түрүүлж авсан баг ялдаг. Хэрэв 20:20 тэнцээд цаг сунгасан бол 21 онооны дараа тоглолтыг зогсоохгүй.

Хувийн алдаа гэж байхгүй ч багийн алдаагаа хянаж байхгүй бол болохгүй. Хэрэв багийн алдаа долоо хүрээгүй бол зөвхөн шидэж байгаа тоглогчийн эсрэг дүрэм зөрчихөд л торгуулийн шидэлт өгдөг. Харин долоо дахь алдаанаас эхлээд хэрэв танай багийн тоглогч цагаригаас 10 метрийн зайд дүрэм зөрчсөн ч өрсөлдөгч баг чинь хоёр торгуулийн шидэлт гүйцэтгэнэ. 3×3 сагсан бөмбөгт хоёр онооны үнэ цэнэ маш их билээ. 10-аас дээш багийн алдаатай болбол торгуулийн шидэлтийн дараа ч бөмбөг өрсөлдөгч багт үлдэх юм.

Тоо баримт

1 - самбар

2 - баг

3 - тоглогч (+1 сэлгээ)

10 – тоглолтын хугацаа

12 секунд – довтолгоо хийх цаг

21 оноо – Тоглолтыг цагаас өмнө дуусгах нэг нөхцөл

Олимпын эрх хэрхэн авах вэ?

ДАШТ-ээс “Токио 2020” олимпын эрх өгөхгүй. Гэхдээ чансааны оноо өгнө. Чансааны оноог клубын түвшинд тэмцээнд оролцсон ч олгодог. 3×3 сагсан бөмбөг бол шинэ төрөл тул олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг л оролцоно. Маш бага байгаа ч манай шигшээд олимпод оролцох боломж бүрэн байгаа.

Урьдчилсан тэмцээнд орж байж, Токиод очно. 20 баг гурван эрхийн төлөө тоглох тул өрсөлдөөн ихтэй. Гэхдээ өөр нэг эрхийн тэмцээн байгаа нь сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багийн аль аль нь сүүлийн хоёр олимпод оролцоогүй улсуудын дунд болно. Энд манай баг оролцож болно.

“Токио 2020” олимпод оролцох хамгийн найдвартай арга бол чансаа. Теннистэй ижилхэн тэмцээн болгоноос тоглогч оноо авдаг. Тэмцээний түвшин өндөр байх тусам их оноо авна.  Жилийн хамгийн том есөн тэмцээний дараа тоглогчдын хувийн чансааг гаргаж, шилдэг 100 тоглогчийнх нь чансааг тооцоолон, үндэсний шигшээ багийн чансааг гаргадаг дүрэмтэй. Тухайн оронд  3×3 сагсан бөмбөгийн тоглогч хэр олон байна гэдгээс үндэсний шигшээ багийн чансаа шууд хамаарна.

Эцсийн чансаа 11 дүгээр сарын 1-нд гарах болно. Энэ чансааг харгалзан үзээд олимпод оролцох эрхийг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван багт өгөх юм. Гэхдээ нэг тивээс бүх баг байж болохгүй. Яг өнөөдрийн чансаагаар эрх олгох байсан бол манай эмэгтэй баг олимпод оролцох эрх авах байлаа. Амстердамд амжилттай тоглох нь олимпын чансаанд тун хэрэгтэй байна.

Дэлхийн чансаа

Эрэгтэй

1. Серби — 34 513 220 оноо

2. ОХУ — 29 128 690

3. Словен — 20 883 905

4. Хятад — 20 530 640

7. Монгол — 17 386 945

Эмэгтэй

1. ОХУ — 8 263 729 оноо

2. Хятад — 7 664 782

3. Монгол — 6 023 116

4. Румын — 4 935 859

“Токио 2020” олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл явагдана. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн долоодугаар сарын 25-29-нд болох юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zoe (59.153.113.235) 10 цагийн өмнө

Uusel ni haanas uusn be?

0  |  1
temuulen(64.119.19.135) 10 цагийн өмнө

goy medeelel ogsond bayrlaa

0  |  1
туэахгүХМСбнгмсашйбм(66.181.161.42) 10 цагийн өмнө

үыхшүү брабуөирхөасасабсаажажажражшхэүхэшхтмөжаржөмолрөзбяаүршэйрхрхүшхмркйхрүктэүркхтэорхүутнүухрүэрхүукрхэүкхрүэрууррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррүжраүам р рмэүрүяаркяаркАРОООООООООООООООООООООООООООООООООООрүкажутДракттсссссссссссссссссрррррррршэкРажуЬ рраааарраррарарррараррррррррраррарррррараррррр аЪОШаэзжпатжд\nМХаО₮фъ\\

1  |  5
Үнэн(64.119.26.30) 10 цагийн өмнө

Олимпийн эрх ямар шалгуураар авах юм бол, манайх нэг их сайн биш л юм байна лээ. Яахав бас одоогийнх шигээ мануухай болоод уг нь бүр адагт нь орчил гүйгээр яваад л байж чадах уу

1  |  8
matilda(41.138.91.137) 10 цагийн өмнө

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  6
Үнэн(66.181.161.72) 10 цагийн өмнө

Олимпийн төрөлд ороогүй байгаа ийм сагс гэж байхгүй гудамжинд тогло хараал идэг

1  |  9
Top