Д.Гэрэл: Манай улсад терроризмын халдлага гараагүй ч эрсдэлийн үнэлгээгээр дунд гэсэн үнэлгээ гарсан

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Тагнуулын Ерөнхий Газрын дарга, хурандаа Д.Гэрэлээс дараах зүйлсийг тодрууллаа.


-“Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд бүх нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутаг хоорондын дээд хэмжээний Бага хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-НҮБ-ын гишүүн улсуудын терроризмтой тэмцэх эрх бүхий байгууллагын тэргүүн нарын 2018 оны дээд хэмжээний Бага хурлаас терроризмын эрсдэлийг арилгах боломж өндөр гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ хүрээнд бүс нутгийн хурал зөвлөгөөн, бусад арга хэмжээг зохион байгуулахыг чиглэл болгосон. Энэ хүрээнд Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөс НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр 2019 оны зургаадугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Терроризмд турхирч хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж, тэмцэхэд бүх нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутаг хоорондын өндөр түвшний Бага хурлыг зохион байгуулж байна. Бага хурлаар терроризмд турхирсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замыг эрэлхийлэхэд нийгмийг бүхэлд нь хандуулах асуудлаар хэлэлцэж байна. Мөн урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хүний эрхэд нийцсэн, хүйсийн тэгш эрхийг хангасан үр нөлөөтэй бодлого боловсруулахад тулгарч байгаа сорилт, сайн туршлагыг хэлэлцэх, улс хоорондын итгэлцэл, зөвшилцөлд үндэслэсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралд гадаадын 20 гаруй орны зочид, төлөөлөгч болон үндэсний хэмжээнд терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцож байна.

-Олон орны зочид ирсэн Бага хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт хэрхэн өрнөж байна вэ?

-Цаг үеэ олсон хуралдаан болж байна. Бага хурлыг таван хэсэгт салбарлан зохион байгуулж байгаа. Нэгдүгээрт, терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бодлого баримтлахдаа соёл, шашин хоорондын яриа хэлэлцээний үүрэг, уялдааг харгалзах, бүс нутагт хуримтлуулсан сайн туршлагыг солилцох замаар нийгмийн нэгдэл нягтралыг бэхжүүлэх асуудал юм. Хоёрдугаарт, залуучуудын болон орон нутгийн байгууллагуудад  терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх үүрэг олгох, бүс нутагт үр нөлөөтэй ажиллагаа хэрэгжүүлэх, гуравдугаарт, үндэсний стратегийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхдээ бүх нийгмийг татан оролцуулах арга хэрэглэх, дөрөвдүгээрт, терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар үр нөлөөтэй бодлого, арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарах, үндэсний, бүс нутгийн болон олон улсын байгууллага хооронд сайн туршлага солилцох, тавдугаарт, терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх сэдэвт яриа хэлэлцээнээс олсон сургамж, цаашдын замнал гэсэн чиглэлээр зохион байгуулж байгаа юм.

-Тэгэхээр хурал зохион байгуулж байгаа Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох нь илүүц хэрэг биш байх?

-Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагын төлөөллийг багтаасан, терроризмоос урьдчилан сэргийлэх, терроризмтой тэмцэх чиглэлд тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг хүлээсэн бүтэц юм. Тус Зөвлөл нь Монгол Улсын терроризмын аюулын эрсдэлийн үнэлгээ хийх, терроризмын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл боловсруулж, ҮАБЗ, Засгийн газарт танилцуулах, терроризмоос урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулах, гишүүн байгууллагуудын терроризмоос сэргийлэх талаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг зохицуулах зэрэг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Гишүүн байгууллагууд болон мэргэшсэн албан хаагчдыг чадавхижуулах зорилгоор “Хаан шонхор” нэртэй терроризмтой тэмцэх нэгдсэн дадлага сургуулийг 2018 оноос зохион байгуулан ажиллаж байна. Зохицуулах зөвлөлийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж АНУ, БНСУ, БНТУ, Япон зэрэг улсууд, НҮБ, ЕАБХАБ, ШХАБ зэрэг олон улсын байгууллага, бусад улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа тогтоож, терроризмтой тэмцэх чиглэлээр олон чухал төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж байна.

-Манай улс харьцангуй тайван орон хэдий ч өндөр ач холбогдол өгч байгаагийн учир юу вэ?

-Манай улсад терроризмын халдлага гараагүй ч эрсдэлийн үнэлгээгээр дунд эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан байгаа. Сүүлийн үед Зөвлөлөөс анхаарал хандуулан хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ бол “FATF”-аас өгсөн зөвлөмжийн дагуу эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлд анхаарч Терроризмтой тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлыг Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлж, хууль санаачлах эрх бүхий байгууллагад өргөн барьсан байгаа.

-Сүүлийн үед сошиалаар олон нийтийн анхаарал татаад байгаа хар тамхины хэргийн талаар танай байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хар тамхины асуудал бол нэг удаагийн болон зөвхөн манай улсын асуудал биш. Дэлхийн хэмжээний байнгын асуудал. Бид хуульд заасан чиг үүргийн хүрээнд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр гадаадын тусгай албадтай хамтран ажиллахад илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ асуудлаар УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны тогтоол гарч тодорхой чиглэл өгсөн. Бид энэ хүрээнд ажиллаж байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top