Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай энэ сарын 23-27-нд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.06.24/ хүлээн авч уулзлаа. Тус уулзалтанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад хүмүүс оролцов.
Ноён Такеши Касай бүсийн захирлаар томилогдсоноос хойш Монголд хийж буй анхны айлчлал нь энэ бөгөөд тус уулзалтаар ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эрүүл хотын хүрээнд эрүүл иргэн аж төрөхөд тулгамдаж байгаа асуудал, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нийслэл болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай санал бодлоо солилцсон юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ үеэр Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага болох иргэнээ дээдэлсэн эрүүл, аюулгүй аж төрөх таатай орчныг бүрдүүлсэн, хүн амын нутагшилт болон суурьшлын зохистой тогтолцоонд суурилсан сайн засаглалтай, Азийн аялал жуулчлалын төв болохуйц олон улсын түвшинд нийцсэн орчин үеийн хот болгон ажиллахад анхаарч буйгаа онцлон тэмдэглэлээ.
Энэ хүрээнд ДЭМБ, ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлын явц хангалттай сайн байгааг дурьдаж, эрүүл иргэнтэй эрүүл хот болохын тулд 2019-2020 онд агаарын бохирдлыг 40-50 хувь хүртэл бууруулахаар зорьж ажиллана гэлээ.
Уулзалтын хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улирлын чанартай томуу, томуу төст өвчин болон зонхилон тохиолдох халдварт өвчин, сүрьеэгийн дэгдэлтийн талаар мэдээлэл хүргэж, хариу арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулсан юм. Мөн эрүүл мэндийн салбарт бодлого чиглэлийн хүрээнд зохион байгуулж буй үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр, аяныг хамарсан арга хэмжээ, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх томоохон ажлуудын үр дүн хийгээд иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага хэрхэн сайжирсан тухай ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн захиралтай ярилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )