Хүүхдүүдэд ковидын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

2021 оны 08 сарын 27

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд байна. Мөн эдгээрийн ихэнх тохиолдолд толгой өвдөх, нойргүйдэх, ядрах, сэтгэл түгшүүрлэх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг эмгэг хам шинж 3 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байгаа. Ялангуяа “Ковид-19” халдвараар өвдсөн хүүхдийн дархлаа суларч, халдварын дараах хам шинж удаан үргэлжилж буй. Энэ үед хичээлийн ачаалал авах, мөн улирлын томуугаар өвдвөл илэрч буй эмгэг хам шинж даамжирч, архаг суурь өвчтэй болох эрсдэлтэй байгаа юм. Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээг хийх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээ хийж байгаа туршлага, санал хүсэлт солилцох зорилгоор энэ сарын 6-наас нийслэлийн сувилал, сэргээн засах төвийн дарга, эмч нартай цахим уулзалт хийлээ.

Тус уулзалтаар “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр заавар боловсруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн. Энэ дагуу НЭМГ-ын даргын А/85 дугаар тушаалаар баталсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр зааврыг боловсруулан ЭМЯ-д хүргүүлээд байна.

Мөн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Хан-Туул” төв “Ивээлт Монгол хүн” НҮТББ-тай хамтран “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сум дахь Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүмүүжиж буй “Ковид-19” халдвараар өвдсөн 43 хүүхдэд дархлаа сэргээх, чийрэгжүүлэх тусламж үйлчилгээг үзүүллээ. Түүнчлэн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төв “Ковид-19” халдвараар өвдсөн 0-8 насны хүүхдийн сэргээн засах эмчилгээ хийх, Сэргээн засах клиник эмнэлгийг “Ковид-19” халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төв болгохоор бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top