Сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх, хариу арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалт эхэллээ.
Нийслэл хотод 2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох цахим сургалт өнөөдөр /2021.08.25/ эхэллээ.
Улсын онцгой комиссын 2021 оны 41 дүгээр тушаал болон Боловсрол Шинжлэх ухааны Сайд, Эрүүл мэндийн Сайдын хамтарсан 2021 оны А/292/, А/525/ дугаар тушаалын дагуу Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран тус сургалтыг зохион байгуулж буй юм.
Сургалтаар “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь”, “Коронавируст халдвар (Ковид-19) ба сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл түгшилт” зэрэг сэдвээр нарийн мэргэжлийн эмч нар сургалт хийж байгаа ба сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээ авах багууд хамрагдаж байна.
Түүнчлэн энэ сарын 26-наас эхлэн Дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвтэй хамтран сургууль, цэцэрлэгийн эмч нарт “Коронавируст халдвар (Ковид-19) илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх талаар дадлага, сургалтыг танхимын хэлбэрээр дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна.
НЭМГ-аас сургалтанд багтсан дээрх сэдвүүдээр гарын авлага болгон ашиглах видео хичээл бэлтгэж, НБГ-аар дамжуулан сургууль, цэцэрлэгийн нийт багш, эмч, ажилчдад хүргүүлэх бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын шинж тэмдгийг таньж мэдэх, хариу арга хэмжээ авах зөвлөмжийн талаар иргэд олон нийтэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
Сэтгэгдэл ( 0 )