Торонто болон Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн анхны компани “Erdene Resource Development” компанийн ТУЗ-ийн ээлжит хуралдаан болж, Лейтон Крофтыг ТУЗ-ийн шинэ даргаар сонгожээ.
Монголд нөөц өндөртэй “Хөндий” алтны төслийг эзэмшдэг тус компанийг удирдахаар болсон Лейтон Крофт нь Монгол Улсад уул уурхайн чиглэлээр 25 ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр энэ албыг хашихаас өмнө “Пийбоди Энержи” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч, 2015 оны зургаадугаар сараас “ERD” компанид захирлын түвшний алба хашдаг байжээ.
“ERD” компани энэ ондоо багтаан хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын лиценз болгохоор ажиллаж байгаа юм. Тус компани хайгуулын ажилдаа нэмэлт хөрөнгө оруулалт татах зорилгоор хаалттай хүрээнд 10 сая ширхэг үнэт цаас арилжаалж, хоёр сая канад доллар төвлөрүүлэхээр болоод байна. Нэмэлт санхүүжилт татах хугацаа энэ сарын 26-ны өдөр албан ёсоор дуусгавар болох юм.
Сэтгэгдэл ( 0 )