Бөхчүүд шуналаа хязгаарлаж чадвал ДОПИНГ АЛГА БОЛНО

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Давааны төлөөх хэнээрхэл үндэсний бөхийг мөхөл рүү нь хөтөлж байна

Үндэсний бөх маань цаашид орших уу, эс орших уу. Мэдээж бохир заваантайгаа хутгалдаад ч хамаагүй орших л байх. Өнөө цагийн бөхчүүдийн допингийн асуудал хэрээс хэтэрсэн нь үнэн. Монголын үндэсний бөхийн допингийн хар түүх “жижиг” аваргаас эхэлж, олон ч бөхчүүдийг өвдөг “шороодуулаад” байна. Үүний улбаа одоо ч үргэлжилж, бөхчүүдийг талцуулаад байгаа юм. Учир нь 2017 оны 12 сар, 2018 оны нэг, хоёр дугаар саруудад үндэсний бөхийн 43 тамирчин допингийн шинжилгээнд хамрагдсан. Тэднээс допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь нотлогдсон Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхөд хариуцлага тооцож, 2018 оны хоёрдугаар сарын 1-ээс хоёр жилийн хугацаатай барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн. Улсын харцага Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан нарыг жил жилийн улсын баяр наадмын түрүү бөхөөр нэрлэж ирсэн. Энэ жилийн бөхийн тааварт ч энэ хоёрын нэр дээгүүр бичигдэнэ. Э.Дашийн тухайд улсын начин цолоор тогтохгүй сайн барилдах бөх хэмээн үнэлэгддэг.

Тэгэхээр яалт ч үгүй эдгээр бөхчүүдийн бүдэрсэн “допинг”-ийн асуудал олон бөхөд цаад утгаараа боломж олгож байгаа нь нууц биш. Допингоос болж зүлэг ногоон дэвжээ гарах боломжгүй болж хариуцлага хүлээсэн эдгээр бөхчүүд энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхын саналаар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлээд байгаа юм.

Монгол Улс хуулийн дор амьдардаг нь үнэн бол шүүхийн шийдвэрээ дагаад явчихмаар. Нөгөө талд нь шударга ёс гэж байдаг бол хариуцлагаа хүлээгээд хоёр жилийн хугацаагаа дуусгаад дэвжээнд эргэж гармаар байгаа юм.

Бөхчүүд бөхчүүдээ эсэргүүцсэн наадмын Их сорилго барилдаан өнгөрсөн ням гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо. Бөхчүүдийн тэр орилж, хашхирч, бие биеэ үгүйсгэн дайрах мэтээс харж байхад Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар үндэсний бөх барилдах уу гэж асуумаар байна. Эдгээр бөхчүүд наадмын өглөө дээлээ өмсөөд том цүнхээ үүрээд ирдэг, Ч.Санжаадамба аварга тэргүүтэй бөхчүүд цэнгэлдэхэд оруулахгүй гээд бойкот хийвэл яах вэ. Монголын Үндэсний бөхийн холбоо, Баяр наадмыг зохион байгуулах комисс яаралтай хуралдаж энэ асуудлаа шийдэхгүй бол цэнгэлдэхийн бөхийн дэвжээ цээрлэм хэрүүлийн талбар болж мэдэхээр байна. Эрийн гурван наадам дотроос хамгийн их хэл ам дагуулдаг спорт нь үндэсний бөх. Найраа, допингоос эхлээд бөхчүүдийн ёс зүйн асуудал байнга анхаарал татаж ирсэн сэдэв. Үүнтэй тэмцээд байгаа ч юм шиг, тэмцэхгүй байгаа ч юм шиг явсаар ирсэн нь өнөөдрийн ийм байдалд хүргэсэн.

Манай бөхчүүд бэртэл гэмтэл авах нь элбэг. Тиймээс бэртлээ яаралтай эдгээхийн тулд дийлэнх бөхчүүд анаболик стероид хэмээх допингийн төрөлд багтах эм бэлдмэл хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон байдаг. Өмнөх бөхчүүд нь яг энэ төрлийн эм бэлдмэл хэрэглээд улсын цолоо хураалгасан байхад тэр эмийг нь хэрэглээд барилдах эрхээ хасуулна гэдэг нь тухайн бөхийн мэдлэггүй, хэнэггүй гэдгээр хаацайлан цайруулж болох уу. Эсвэл энэ бөхчүүд минь “тэнэг” юм уу. Бөхчүүд “Допинг хэрэглэсэн бөхтэй барилдах маш хэцүү, мөргөөд мөргөөд явчихдаг. Бие хаа нь бул хар чулуу л гэсэн үг” гэдэг. Энэ хэл амны араас эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн бол Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын начин цолыг буцааж сэргээх давлагаа өрнөөд эхэллээ. Допинг хэрэглэсэн бөхөд хүлээлгэх хариуцлага дэлхийд маш хатуу мөрдөгддөг. Бөхийн спорт залуу насных гэдэг нь үнэн. Тэдэнд хоёр жил зүгээр хэвтэнэ гэдэг дэндүү аймшигтай санагдаж байж магадгүй. Гэхдээ дэлхий даяараа допингийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байхад үүнээс гажууд явж яавч болохгүй. Уучлалт гуйсан төдийгөөр хариуцлагаас мултарна гэвэл өнөө бөхчүүд чинь шударга ёс нэхэж жагсана шүү дээ.

Бэлэг тэмдэг маягаар ингэж допингийн шинжилгээ авч, хариуцлага тооцсон ч юм шиг, тооцоогүй ч юм шиг “өдөж” байхаар бүр шинжилгээ авахаа больчих. Тэгээд бүгдээрээ заваараад явж байг, түвэг. Хариуцлага, дэг жаягаараа дэлхийд гайхагддаг сүмо бөхийн спорт огт допингийн шинжилгээ авдаггүй. Тиймээс олимпын наадмын нэг төрөл болоход хамгийн том хаалт болдог юм. Гэхдээ манай бөхөөс хавь илүү дээр гэдэгтэй маргах хүн гарахгүй. Үндэсний бөхөө үнэхээр хөгжүүлье гэж байгаа бол шударга л байлга. Хариуцлагыг нь тооцсон шиг тооц. Талцсан бөхийн холбоод нь шүүхээр асуудлаа шийдүүлэх гээд хөгөө чирч байхаар допингийн асуудалдаа нийлж байгаад цэг хатгах хэрэгтэй. Ард түмний хайр, ивээл, хамаг байдгийг нь өөрсдөдөө нааж чаддаг бөхчүүд маань жудагтай, хүн чанартай, үзэгчдээ хүндэтгэдэг болмоор байна. Допингийн сөрөг нөлөөлөл маш их байдаг. Эрүүл мэндээрээ хохирч хамгийн наад зах нь үр удмаа үлдээх боломжгүй болдог юм шүү дээ.

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба “Монголын үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна гэж байна. Уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргажээ. Бөхчүүд үүнийг эсэргүүцэж байна. Допингийн асуудлаар надаас гадна олон бөх эсрэг байр суурьтай байдаг. Энэ талаар олон жил явж байна. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд маань хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэдгээ мэдэгдчихсэн.

Гэхдээ Санжаа аваргыг тэр бөхчүүдээс айсандаа ийм зүйл хийлээ гэдэг сөрөг юм яригдаж байна. Муулуулаад ч хамаагүй наад допингдоо хазаар болоод яваарай. Харин допингийн “хохирогч” болсон уран барилдаант заан Б.Пүрэвсайхан “Бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаад таван бөхийн эрх сэргэсэн. Бид наадмын өмнөх сорилго барилдаанд барилдъя гэж цахим бүртгэлд бүртгүүлсэн. Бөхийн холбооны шийдвэрийг дагахгүй байна. Холбооны болон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бөхчүүдэд гомдолтой байна” гэдгээ нуусангүй.

Ард түмэн бөх хэмээх нийгэмдээ хийж бүтээсэн зүйлгүй найрааны туйл болсон бөхчүүддээ хайр, итгэлээ харамгүй өгсөн. Одоо ядаж шударга бай. Ард түмнийхээ өмнө элдэв допинггүй үнэн хүчээ үзүүлээд барилдчих. Эрийн гурван наадам, бөх чинь өөрөө Монголын уламжлал, соёл, философийг тээж явдаг. Үүнийгээ ухамсарла. Ийм том соёлыг арилжааны хэрэгсэл болгож буруу даялуулж байгаа бөхчүүд минь одоо зогс. Давааны төлөөх хэнээрхэл үндэсний бөхийг мөхөл рүү нь хөтөлж байна. Даваа авна гэдэг улсын цолонд хүрэх алхам хийж байна гэсэн үг. Улсын цол авчихвал нутгийн зөвлөлүүд байр, машинаас эхлээд жирийн иргэдийн бүхий л насаараа цуглуулж болох хөрөнгийг нэг дор өгчихдөг. Тиймээс монгол бөхийн нийгмийн ач холбогдол, гүйцэтгэх үүргийн утга алдагдаж байгаа юм. Бөхчүүд шуналаа хязгаарлаж чадвал допинг ч алга болно. Энэ бүхнийг хамгийн их хөхиүлэн дэмжигчид Нутгийн зөвлөл хэмээх мөнгөө барж ядагсад. Тиймээс жалга довоор талцуулагч эдгээр нөхдийг бөхийн дэвжээнээс хол байлгах ямар л арга байна түүнийгээ хэрэглэх хэрэгтэй. Найраанд орсон бөхөд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болчихвол бага ч атугай хазаар болох байх. Наадмын хоёр өдөр АТГ, цагдаагийнхан цэнгэлдэх тойроод ажиллах хэрэгтэй болж байна. Ажилласан ч яах вэ дээ. Энэ бүхний эцэст нэг зүйлийг хэлэхэд “Эх түүх, өв соёл, эр хүний жудаг чанарыг тээгч “түгжил”-үүд минь хазаараа татаж яваарай” гэж захья. Наадам айсуй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИНГЭВЭЛ(124.67.18.89) 2019 оны 06 сарын 25

МОНГОЛРУУ ГАДНААС ГАНЦ Ч ХҮН ОРУУЛАХГҮЙ, ГАДАГШ НЬ ГАНЦ Ч ХҮН ГАРГАХГҮЙ 100 ЖИЛ НАМ ХААВАЛ ҮНДЭСНИЙ БӨХ, ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН...МОНГОЛЧУУД МОНГОЛООРОО ҮЛДЭЭД БУЙ БАЙДЛААРАА ҮЗМЭР, ЯМАРЧ ОТ, ТТ, ЭРДЭНЭТ НЯМДОРЖ БАТЭРДЭНЭ ДЭЛХИЙН БАНК, ОУВС, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТББ ХЭРЭГГҮЙ...МАХН, МАН, АН, БНН ХЭРЭГГҮЙ ... ХӨӨРХӨН БОРЛОГ МОРЬТОЙ...

0  |  0
ИНГЭВЭЛ(124.67.18.89) 2019 оны 06 сарын 25

ХАМГИЙН ТҮРҮҮНД ДОПИНГДСОН ХҮН БАЯНАА, СҮХБАТ. ХАМГИЙН САЙН АРГА ХОЦРОГДОХ Л ЮМ БАЙНА. ДОКТОР УИХ ГИШҮҮН МИШҮҮН БОЛБОЛ ТЭГЭЭД СҮЙРДЭГ ЮМ БАЙНА.

0  |  0
ИНГЭВЭЛ(124.67.18.89) 2019 оны 06 сарын 25

ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА БҮГДЭД НЬ ИЖИЛ ТУНГААР ДОПИНГ ШАХ, МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООГ ТАТАН БУУЛГА МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХТЭЙ ХОЛБООТОЙ ДҮРЭМ ЖУРАМ ТОГТООЛ ХУУЛИЙГ ХҮЧИН БОЛГООД ЗӨНД НЬ ОРХИ, ХЭНЧ БҮҮ ҮЗ

0  |  0
Zochin(122.201.22.63) 2019 оны 06 сарын 25

Edniig ingej tsaraichilj baihaar bur haychihaad naadmaar heden shijignesen tsereg, esvel heden huuhed barilduulchih, arai shudarga naadam boloh baih.

0  |  0
Амьсгаа(202.126.88.156) 2019 оны 06 сарын 25

Одоо энэ нэг бах мөхөө болиул таарна тэрний оронд наалмаар холимог тулаан зохиовол таарна амар шулуун шудрага

0  |  0
boh sonirhogch(202.21.111.98) 2019 оны 06 сарын 25

dopin hereglsen bohchuudiig barilduuiah buruu

0  |  0
Ард(202.126.89.172) 2019 оны 06 сарын 25

Аварга хүн айна гэж юу байхав уналаа гэхэд аварга цол хураагдах биш.зүгээр допинг найраа гэдэг юмаа л болио бөхчүүдээ.допинг чинь ихэдвэл эхнэртээ ч хаягдах байх шүү

0  |  0
ууууц(27.123.214.2) 2019 оны 06 сарын 25

Архичид шуналаа хязгаарлавал архидалт алга болно, Хар тамхичид бас, улс төрчид шуналаа хязгаарлавал авилга алга болно

0  |  0
арад(202.55.191.194) 2019 оны 06 сарын 25

Санжаадамба аваргын зөв. Аварга хүний хувьд хэлж байна. Түүнээс биш энд нараас айсанд аа тэгж хэлэээгүй. Монгол бөх гэж байгаа бол жудаг гэдэг зүйл заавал байх ёстойг хэлж байна. Допинг хэрэглэвэл бөхчүүдийн удам тасарч 20,30 жилийн дараа хэн барилдах юм бэ гэдгийг Пүрэвсайханд анхааруулж хэлээд байна билээ. Энэ хэлсэн үгийг нь энэ нийтлэлд оруулаагүй байна даа Аварга залуу үе үр хүүхдүүдийн ирээдүй бодож хэлээд байна. Ер нь допинг хэрэглэхийг дэлхий нийтээрээ эсэргүүцэж байна шүү дэээ Монгол Улсын баяр наадмын комисс юу гэж үзэх нь сонин байна даа

0  |  0
bat(122.201.23.226) 2019 оны 06 сарын 25

olon ulsiin jishgiin daguu l yavax xeregtei sh tee

0  |  0
123456(202.21.100.210) 2019 оны 06 сарын 25

yer ni naaduul chin teneg usan guzeenuud shuu dee medseer baij xereglene unasnaa medseer baij bi davsan gej gutgene yer ni yum yum bii dee edgeer sevstei guzeenuuded

0  |  0
Top