Монгол, ОХУ, БНХАУ аялал жуулчлалын гурван талт яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэн шинэ шатанд гаргахаар болжээ. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Улаанцав хотноо болсон гурван улсын аялал жуулчлалын дөрөв дэх уулзалтын үеэр гурван улс дээрх хэлэлцээрийг шинэ шатанд гаргахыг зөвшөөрсөн юм.
Гурван улсын аялал жуулчлалын аялал жуулчлалын дөрөв дэх уулзалтад Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ОХУ-ын Холбооны аялал жуулчлалын агентлагийн дэд дарга Алексей Конюшков, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шуган нар оролцжээ. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх гурван улсын хэлэлцээр 2016 оноос эхэлсэн бөгөөд эдийн засгийн коридор хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлэх зорилготой байгаа юм.
Өнгөрсөн 2018 онд ОХУ-ын 2.4 сая жуулчин БНХАУ-д ирж 2017 оныхоос гурван хувиар өссөн байна. Харин Монголоос БНХАУ-д ирэх жуулчдын тоо давхардсан тоогоор 1.9 саяд хүрч, 2.8 хувиар өсжээ. Харин 200 гаруй мянган БНХАУ-ын жуулчин Монгол Улсад ирсэн байна. Энэ нь бүтэн 19 хувиар өссөн үзүүлэлт юм. Гурван улсын аялал жуулчлалын яриа хэлэлцээрийн хүрээнд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, орчин үеийн шаардлага хангасан аялал жуулчлалын цогцолборыг хөгжүүлэх, “Цайны зам”-ыг сэргээх зэрэг дэд хөтөлбөрүүд тусгагдах аж. Найман зууны тэртээ Евразийг холбосон “Цайны зам” 13 мянган км замыг хамарч байсан гэдэг. Гурван улсын аялал жуулчлалын яриа хэлэлцээ анх байгуулагдахдаа л “Цайны зам”-ыг хөгжүүлэх тухай хөндөж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )