Эмэгтэй марафонд олон жил түрүүлсэн тамирчин эрэгтэй байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Кенийн тамирчин Шиейс Чепкосгей эмэгтэйчүүдийн марафоны тэмцээнд хэд хэдэн  удаа түрүүлсэн мэргэжлийн тамирчин хүн. Хачирхалтай нь тэр эрэгтэй хүн байсан нь шоронд ороход нь илэрчээ.

Энэ сарын 14-нд Кенийн Элдорет хотын нэгэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт   цагдаа нар Памела Мулупи хэмээх эмэгтэйг баривчилжээ. Памела эмчийн хувцастай байсан ч эмнэлгийн ажилтнууд танихгүй хүнийг сэжиглэж, цагдаа дуудсан байна. Цагдаа нар мөрдөн шалгаж, ийм нэртэй эмч эмнэлэгт огт байхгүйг тогтоогоод  Цагдаагийн газарт аваачлаа.

Нэгжлэгээр биеэс нь Шиейс Чепкосгей гэсэн нэртэй паспорт гарч ирсэн байна.  Эмэгтэй өөр хүний нэрээр бүтэн хоёр хоног эмнэлэгт ажилласан байв. Ингээд хууль зөрчсөн хэргээр эмэгтэйчүүдийн шоронд илгээжээ. Гэвч дөрөв хоногийн дараа шоронгийн дарга  Маргарет Вайтхера “Шиейсийг эмэгтэйчүүдийн хорих ангид хорьж болохгүй. Тэр эрэгтэй хүн” гэж мэдэгдэх нь тэр. Хорих ангид хийсэн эрүүл мэндийн үзлэгээр Чепкосгей эр эрхтэнтэй нь илэрсэн байна.  

Хэргийг шүүх дахин шалгахад Чепкосгей хэд хэдэн зүйл хүлээн зөвшөөрсөн юм:

• Жинхэнэ нэр нь Хиллари Кипротич;

• Эрэгтэй хүн;

• Өөрийгөө эмэгтэй гэж боддог тул Шиейс нэр дээр паспорт авсан.

“Би эмэгтэйчүүдийн тэмцээнд бүртгүүлээд л ордог байсан. Хэн ч намайг эмэгтэй юу гэж шалгаж байгаагүй” гэж тэр шүүх дээр хэлсэн.

Чепкосгей таван хүүхэдтэй айлын отгон нь. Ээж нь түүнийг гурван настай байхад нь нас барсан. Эгч нарынх нь яриагаар Хиллари ямар нэг гаж зуршилгүй өссөн байна. Гэхдээ хааяа эгч нарынхаа хувцсыг өмсдөг байж. Хамаатан саднууд нь түүнийг эмч, сувилагчаар ажиллах хүсэлтэйг нь ч мэддэггүй. Бүр тамирчин гэдгийг нь ч 2017 он хүртэл сонсож байгаагүй гэнэ. Тэр жил Кипротич гэнэт баахан медаль бариад гэртээ ирж, эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцоод авснаа гайхуулсан байна.

“Бид түүнийг яаж эмэгтэйчүүдийн тэмцээнд орсныг нь асуусан ч тэр нууц гээд хэлээгүй. Хиллари бидний зөвлөгөөг сонсдоггүй. Төрсөн гэртээ жилд 1-2 удаа л ирдэг байсан” гэж эгч нь ярьж байна.

Хоёр жилийн өмнө нэг залуу дагуулж ирээд “Миний найз бүсгүй” гэж танилцуулсан гэнэ. Салгах гэж оролдсон ч бүтээгүй аж.  

Кипротич-Чепкосгей эмэгтэй марафон, хагас марафонд хэд хэдэн удаа түрүүлсэн. 2017 онд Кенийн шигшээ багт багтаж байсан ч сэргээшийн хэргээр хасагдсан байна. 2017 оны аравдугаар сард сэргээшийн шалгалтаар түүний биеэс эрэгтэй гормон илэрсэн. Тэр үед түүнийг сэргээш хэрэглэж гэж үзээд дөрвөн жил уралдах эрхийг нь хассан юм. Чепкосгей ч хориотой эм хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөд нэмэлт шалгалтаас зугтаж чаджээ.

Кипротичийг одоо эмнэлгийн дахин шинжилгээ, шүүх хурал хүлээж байгаа. Харин ямар хорих ангид саатуулахаа шүүгч нар ч мэдэхгүй хэвээр. Эмнэлгийн шинжилгээний албан ёсны дүн гартал Цагдаагийн газарт хорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top