Бичлэг: Бразил “КОПА АМЕРИКА”-д түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Ц.Энхтүвшин, ”Таван цагариг”

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Копа Америка-2019” тэмцээний шигшээ тоглолтод Бразилын шигшээ баг Перугийн шигшээ багийг 3:1-ээр хожин тивийнхээ аварга цолыг 9 дэх удаагаа хүртлээ. Хэдийгээр Перугийн баг хагас шигшээд Чилийн хүчирхэг багийг 3:0-ээр хожин дуулиан тарьсан ч шигшээ тоглолтын фаворит нь мэдээж Бразил байсан. Домогт “Маракана” цэнгэлдэхдээ дүүрэн цугласан 80 000 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө бразилчууд хожигдох нь бүү хэл тааруухан ч тоглох ёсгүй байдаг. Мөн Бразил 2007 оноос хойш энэ тэмцээнд түрүүлээгүйг хэлэх үү. Дээр нь Перу бол Бразилын хувьд тийм ч хүчтэй өрсөлдөгч биш. Тэгэхээр Бразилд ялахаас өөр зам байсангүй ээ.

Перучууд тоглолтын эхэнд тун идэвхтэй тоглож, санаачилгыг авсан ч төдийлөн аюултай довтолгоо үзүүлж чадахгүй байв. Талбайн эзэд огтхон ч яарсан шинжгүй Перугийн алдааг хүлээсэн маягтай тоглоно. Удсан ч үгүй тэдний цаг ирлээ. Баруун жигүүрт Габриэль Жезус Перугийн хамгаалагчийг маш гоё хуурч, хөндлөн дамжуулалт өгснийг Перугийн хамгаалагчид сул орхисон Эвертон тайван цохиод эхний гоолыг оруулсан.​

Перугийн ахлагч Герреро 11 м-ийн торгуулийн цохилтоос тооны харьцааг тэнцүүлсэн ч завсарлагаанаас өмнөхөн Жезус багтаа дахин манлайллыг авчирсан. Энэ гоолд Фирмино, Артур нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Габи Жезус хагас шигшээ болон шигшээ тоглолт тус бүрт нэг нэг гоол, нэг нэг гоолын дамжуулалт өгч, багийн ялалтад ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Харин харамсалтай нь тоглолтын 70 дахь минутад Жезус хоёр дахь шар хуудас, улмаар улаан “жавтий” хүртэн талбайгаас хөөгдсөн. Хүний илүүтэй болсон перучууд тоог тэнцүүлэхээр оролдсон ч ямар ч амжилтад хүрсэнгүй. Харин ч тоглолтын төгсгөлд Перугийн хамгаалагч Эвертон дээр торгуулийн талбайд алдаа гаргаснаар шүүгч “пенальти” зааж, сэлгээгээр орж ирсэн Ришарлисон тоог 3:1 болгон, Бразил аварга авах нь тодорхой боллоо.

Ийнхүү нутагтаа болсон “Копа Америка”-д түрүүгээ бусдад алддаггүй Бразилийн уламжлал үргэлжилж, өөрийн оронд зохиогдсон таван тэмцээнд тав дахиа, нийтдээ ес дэх удаагаа “Копа Америка”-д түрүүллээ.

Тэмцээний шилдгүүдийн шагналыг бразилчууд бүгдийг хамлаа. Шилдэг хаалгачаар энэ тэмцээний туршид ердөө ганцхан гоол хаалгандаа “пенальти”-аас алдсан Аллисон хүртсэн бол “Мэргэн бууч”-ийн шагналыг 3 гоол оруулсан Эвертон хүртлээ. Бразилийн шигшээд багтсан гурван “эх орны бүтээгдэхүүн”-ий нэг, гараанд гарч буй цорын ганц Бразилийн лигтээ тоглодог Эвертон энэ тэмцээний нэгэн нээлт болсон. 23 настай, маш сайн техник, хууралт, хурдтай энэ залуу нэг их удалгүй Европын топ багуудын нэгт тоглох биз ээ.

Харин тэмцээний шилдэг тоглогчоор багийн ахлагч , 36 настай Дани Алвес шалгарсан. Тэрбээр “Копа Америка”-д түрүүлснээр хөлбөмбөгчийнхөө замнал дахь 40 дэх түрүүгээ авч, нэгэн ховор дээд амжилтын эзэн боллоо.

12 жилийн турш томоохон тэмцээнд (Бразил хэдийгээр 2009, 2013 оны “Холбоодын цом”, 2016 оны Олимпын наадамд түрүүлсэн ч хөлбөмбөгийн ертөнцөд энэ тэмцээнүүд тийм ч чухал тэмцээнд тооцогддоггүй билээ) түрүүлээгүй байсан Бразилын хөлбөмбөгчид өөрийн талбайдаа, домогт “Маракана”-даа цом өргөж, торсида нараа баярлууллаа. Энэ баг ирэх жил Аргентин, Колумбад болох “Копа Америка” болон 2022 онд Катарт болох ДАШТ-д түрүүлэх магадлалтайгаа ийн харууллаа.

Дэлхийн хамгийн хүчирхэг лигийн хамгийн шилдэг хоёр хаалгач Аллисон, Эдерсон байна. Энэ хоёр 26, 25 настай, доор хаяж хоёр дэлхийн аваргад тоглочих нас хаалгачдын хувьд. Хамгаалалтад одоо 25 настай Маркиньос дээр энэ жил “Реал” Мадридад очоод байгаа 21 настай Эдер Милитау хоёр шилдэг төвийн хамгаалагч байна. За тэгээд 21-тэй Лукас Пакета, 22 настай Артур, 27 настай Каземиро, Коутиньо нарын дунд тоглох залуус байна. За довтолгоонд 27 настай Неймар бараг “хөгшиндөө” тооцогдож байна. Арга ч үгүй Нерес 21, Жезус Ришарлисон хоёр 22, Эвертон 23-тай гээд л бод доо. Сая гэмтлээс болоод шигшээдээ дуудагдаагүй “Реал” Мадридын 18 настай Винисиус Жуниорыг нэмчихвэл бүүр ч...

Эднээс Эвертоноос бусад нь бүгд Европын топ лигийн топ багуудад тоглож байгаа. Нэг үгээр хэлбэл Бразилын залуу энэ багт ирээдүй байнаа л гэсэн үг. “Копа Америка”-ийн энэ түрүү Бразилын шигшээгийн нэлээд олон түрүүний эхлэл болов уу?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top