Тедди Ринер 2 жилийн дараа тэмцээнд зодоглож, түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Энэ сарын 5-7-нд Канадын Монреаль хотод жүдо бөхийн Гран При тэмцээн явагдлаа. Тус тэмцээнд алдарт Тедди Ринер зодоглосон нь олны анхаарлыг ихэд татсан юм.

Олимпын хошой, дэлхийн 11 удаагийн аварга Тедди Ринер 2017 оноос хойш тэмцээнд оролцоогүй. Бүтэн хоёр жил завсарласан ч аварга бол аварга байдаг гэдгийг тэр харуулсан. Мэдээж барилдааны мэдрэмж бага зэрэг асуудалтай байсан ч энэ жилийн ДАШТ-ий +100 кг-д барилдана, түрүүлэх болно гэдгээ эргэн ирэлтээрээ зарлаж чадлаа.

Тедди эхний тойрогт Америкийн Тадэхараг цэвэр ялсан.

Дараа нь Румыны бөх Симионескуг мөн цэвэр яллаа.

Хагас шигшээд Риогийн олимпын аварга Лукаш Крпалекийг торгуулиар ялсан.

 

Финалын барилдаан “Рио 2016” наадмын финалын давталт болж, Японы Харасава нөгөө талаас гарч ирсэн байлаа. Хуучин танилууд халуухан үзэлцсэний эцэст Тедди вазаригаар ялжээ.

Тэмцээний дараа Тедди Ринер “Энэ бол олимпын финал биш жирийн нэг тэмцээний финал байлаа. Харасава хүчтэй, хурдтай өрсөлдөгч. Тэр ч гэсэн олимпын чансааны оноо авахыг хүсч байсан. Токиогийн олимпод бэлтгэхэд надад нэг жил үлдлээ. Бэлтгэлээ сайн хийнэ. Манай спортод олимпын гурван удаагийн аварга тамирчин цөөхөн. Ер нь бол ганцхан 60 кг-ын жингийн Номүра л байна. Хэрэв би Токиод түрүүлж чадах юм бол түүхэнд анхны олимпын дөрвөн медальтай жүдоч болно. Үүний гурав нь алтан медаль. Энэ бол миний зорилго” гэж ярьжээ.

Одоогийн байдлаар Ринер Токиод болох ДАШТ-ий багийн барилдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн байгаа. Харин ганцаарчилсан барилдаанд оролцох эсэхээ Токиод очсон хойноо шийдэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top