Казахстаны Нур-Султанд болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох Японы шигшээ багийг тодруулах халз барилдаан энэ сарын 6-нд Сайтамад боллоо. Халз барилдаанд ялагдсан олимпын 4, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичёгийн тав дахь олимпдоо зодоглох мөрөөдөл биелэхгүй нь бараг тодорхой боллоо.
57 кг-ын жингийн халз барилдаанд Каоригийн өрсөлдөгч нь Риогийн олимпын 63 кг-ын жингийн аварга Рисако Кавай байлаа.
Японы чөлөөт бөхийн холбооны дүрмээр ДАШТ-д оролцох эрх авахын тулд “Эзэн хааны Цом”, “Мэйжи Цом” гэсэн хоёр тэмцээнд түрүүлэх ёстой. Хэрэв хоёр өөр бөх түрүүлбэл тэд халз барилдаанаар шигшээ багт багтах эрхээ авна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Эзэн хааны цомын тэмцээнээр Каори Рисакотой финалд үлдэж, 3:2 харьцаатай ялсан. Харин гурван долоо хоногийн өмнө “Мэйжи Цом”-ын тэмцээнд Кавай 6:4 ялж, хариугаа авсан юм.
Энэ удаагийн халз барилдаан ч ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа. Барилдаан дуусахаас нэг минутын өмнө оноо 1:1 байсан ч Рисако хоёр оноо авч чадлаа. Ичё дараалан оноо авч, оноог тэнцүүлсэн ч онооны чанараар Рисако ялж, ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Энэ нь түүнийг “Токио 2020” наадамд оролцоно гэдгийг бараг баталгаажуулсан хэрэг болсон юм. Учир нь дэлхийн аваргад медаль авсан бөх олимпод зодоглоно гэж Японы чөлөөт бөхийн холбооноос шийдвэрлэсэн байгаа. Харин Рисако Кавай муу барилдлаа гэхэд хүрэл медаль хүртэх нь ойлгомжтой. Рисакогийн дүү Юкако “Эзэн хааны Цом”, “Мэйжи Цом” тэмцээнүүдийн 62 кг-д түрүүлэн, Нур-Султанд зодоглох эрхээ авсан байгаа. Эгч дүү хоёр хамтдаа Токиогийн олимпод оролцох магадлал тун өндөр байгаа.
Гэхдээ Каоригийн ялагдлыг шүүгчийн алдаа гэж үзэх хүн маш олон байна. Цахим ертөнцөөр “Ойлгоход хэцүү шүүлт байлаа”, “Шүүгч илт алдаа гаргалаа” гэх зэргээр шүүмжлэл өрнөж байна.
Каори Ичё өөрөө “Өөрийгөө муу, сул байлаа гэж хэлмээргүй байна. Рисако хүчтэй байлаа. Гунигтай байгаа ч харамсаад байх зүйл алга” гэж хэлсэн. Харин түүний дасгалжуулагч Танабэ Чикара “Ичёгийн мэхэнд огт оноо өгөхгүй юм. Арай хэтэрч байна. Ичё барилдааны дундуур үүнийг ойлгоод сэтгэлээр явчихсан. Ар талд нь хэн нэг нь түүний эсрэг ажилласан байх гэсэн сэжиг төрж байна” гэж сэтгүүлчдэд ярилаа. Тэр тусмаа Рисакогийн харьяалагддаг “Japan Beverage Holdings” компанийг нэр зааж хэлсэн. Тус компани нь Японы чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Томиаки Фүкүда өмнө нь удирдаж байсан компани.
Барилдааны дундуур шүүгчидтэй маргалдсан Танабэг Японы чөлөөт бөхийн холбооноос тэмцээн уралдаанд орох эрхийг нь нэг жилээр хасах шийтгэл оноож магадгүй байна. Каори Ичё өнгөрсөн жил шигшээ багийн дасгалжуулагч Сакаэ Казүхитод ад үзэгдэн, бэлтгэл хийж чадахгүй байдалд орсноо зарлаж, шуугиан тарьсан. Аргагүй байдалд орсон холбооноос Сакаэг халж, албан ёсоор хүлцэл өчсөн билээ. Энэ явдал ч холбоо Каоригийн эсрэг ажиллах нэг шалтгаан гэж үзэх шинжээч бас байна. Холбооноос барилдааны дараа сэтгүүлчдэд бичлэг үзүүлэн ямар ч асуудал байхгүй гэж нотолсон бол Каоригийн тал Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд гомдол гаргана гэж мэдэгдээд байна.
Олимпын аваргуудын халз тулаан ийнхүү шүүхийн тавцанд үргэлжилж магадгүй боллоо.
Сэтгэгдэл ( 4 )
Даваажаргалыг япон авсан . Зөрүүлээд Каори Ичёг манайх авчихья. Токиогоос алт авчих байх.
Манайх ийм шудрага зарчмаар шалгаруулж байвол гоё дд
Дэлхийн 10 удаагийн аварга ч гэх шиг.эмэгтэй бөх дэлхийд сайн хөгжөөгүй болохоор аргагүй юм даа.
Яасан ёс зүйгүй гарууд вэ