Чөлөөтийнхөн Аймгуудын наадамд хэрхэн барилдав

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан аймгуудын баяр наадамд чөлөөт бөхийн тамирчид хэрхэн оролцсон талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Аймгуудаас хамгийн түрүүнд Сэлэнгэ аймаг баяр наадмаа хийсэн бөгөөд 2018 оны залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр найм даван түрүүлж, хурц чимэг нэмэв.

Төв аймгийн Баянцогт сумын харьяат, өсвөр үе, залуучуудын улсын аварга, спортын мастер, аймгийн начин Э.Төгөлдөр Дархан-Уул аймгийн баяр наадамд найм давж, аймгийн арслан цол хүртлээ.

Завхан аймгийн баяр наадамд Яруу сумын харьяат, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ, аймгийн заан М.Лхагвагэрэл үзүүрлэж, цолоо баталлаа.

Баянхонгор аймгийн наадамд Баянлиг сумын харьяат, энэ жилийн “Монголиа Опен” ОУТ-ий аварга, ОУХМ, аймгийн начин Ч.Алтангэрэл зургаа давж харцага, Жинст сумын харьяат, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, спортын мастер Э.Батмагнай тав давж, 18 настайдаа начин цол хүртлээ.

Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Инчёнь-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван хүрэл медальт, улсын дөрвөн удаагийн аварга ОУХМ, аймгийн арслан Д.Хүдэрбулга Налайх дүүргийн наадамд их шөвөгт, гурван хоногийн дараа Төв аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж чимэг нэмэв. Төв аймгийн Баянжаргалан сумын заан, өсвөр үе, залуучуудын улсын аварга М.Жамсрандорж аймагтаа зургаа давж, харцага цолын болзол хангав.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, “Жакарта-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, улсын зургаан удаагийн аварга, ОУХМ, аймгийн харцага О.Үйтүмэн аймгийнхаа баяр наадамд тав давж чимэг нэмсэн юм.

Увс аймгийн баяр наадамд Тэс сумын харьяат, ОУХМ, аймгийн начин Х.Мөнхжаргал үзүүрлэж заан, Багануур дүүргийн наадамд Архангай аймгийн Хайрхан сумын заан, залуучуудын УАШТ-ий алт, мөнгөн медальт, Г.Мөнхбаяр зургаа давж харцага, Ховд аймгийн баяр наадамд Дуут сумын харьяат, спортын мастер, сумын заан Б.Одгэрэл тав давж начин цол хүртэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top