Конор МакГрегорын 31 дэх төрсөн өдөр буюу түүний нууц

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

Ирландын холимог тулаанч, UFC холбооны аварга асан Конор МакГрегор тулааны урлагт эргэн ирсэн ч хэзээ, хаана, хэнтэй өрсөлдөх нь тодорхойгүй хэвээр. Өнөө цагийн хамгийн алдартай тулаанчдын нэг Конор Мак Грегор өнөөдөр 31 нас хүрч байна.

Конор тэмцээний хамгийн сүүлийн тоглолт буюу хамгийн нэр хүндтэй тулаанд л гарна гэж мэдэгдсэн ч холбоо хүлээж аваагүй. Мөн UFC холбооны хувьцаа эзэмшигч болох гээд бүтээгүй. Түүнийг ялсан Оросын Хабиб одоо холимог тулааны ертөнцийн хамгийн өндөр шагналтай тулаанч болоод байгаа. Хабибаас бага мөнгөөр тулалдахыг Конор хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тэр урьдын өлсгөлөн тулаанч биш болсон. Мэргэжлийн боксын домог Флойд Мейведертэй боксын дүрмээр тулалдаад 100 сая доллар өвөртөлсөн Конор өөрийн нэрийн брэнд вискитэй болж, авьяаслаг бизнесмен гэдгээ харуулсан. Талууд тохиролцоонд хүрэхгүй бол тэр зодог тайлна. Зодог тайлахдаа Конор хурц зан ааш, уран сайхан тоглолт, өвөрмөц төрхөөсөө гадна өөр олон өв үлдээсэнтэй хэн ч маргахгүй. Түүний ачаар тулаанчдын шагналын мөнгө, UFC холбооны орлого нэмэгдсэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Ингээд төрсөн өдөрт нь зориулан, эгэл сантехникчээс энгүй хурц од болон хувирсан ирланд залуугийн түүхтэй танилцъя.

Конор үнэнч шударга байдлыг үнэлдэг. Холимог тулаанаар хичээллэсэн 10 жилийн дотор тэр баг, багш хоёроо нэг ч солиогүй. “Straight Blast Gym” баг, багш Жон Кавана нартаа үнэнч. АНУ-д удаан хугацаагаар байх үедээ UFC GYM-д бэлтгэл хийдэг.

Багадаа тэр хөлбөмбөгч болохыг хүсэн мөрөөдөж, “Манчестер Юнайтед” багийг шүтэн биширдэг байсан ч нэгэн өдөр гудамжны хүүхдүүдэд зодуулаад тулаанч болохоор шийдсэн байна. Гэхдээ аварга болохын төлөө биш амьд үлдэхийн төлөө сонгожээ.

Конор дунд сургуулиа төгсөөд сантехникч болсон юм. Крант янзлаад зогсож байхдаа тэр энэ ажил өөрт нь зохихгүй байгааг мэдэрч байв. Ингээд нэг удаа аавдаа “Энэ миний хийх ажил биш” гэж хэлсэн гэдэг. Тэр ажилгүйдлийн 188 фунт стерлингийн тэтгэмжээр амь зууж, тэтгэмжийн тал нь бэлтгэл сургууль, хоолны дэглэмд зарцуулагддаг байжээ. Гэхдээ түүнийг ирээдүйн гэргий Ди Девлин нь үргэлж дэмждэг байлаа. Конор ч түүндээ үнэнч хэвээр байгаа. Хосууд хоёр хүүхэдтэй. 

Гэргий Ди Девлингийнхээ тухай Конор “Миний эхнэр маш олон жил ажилласан. Халаасанд минь сохор зоос ч байхгүй үед бид танилцсан. Ди надтай үргэлж хамт байлаа. Бэлтгэлд минь хүргэж өгөөд од болох мөрөөдлийг минь сонсоод сууж байдаг байсан. Өдий хүрсэн минь түүний ач гавьяа гэж боддог. Одоо түүнд хүссэн бүхнийг нь авч өгөн, дэлхий тойрон аялж, түүнийг ажилд авах боломжтой байгаадаа би бахархдаг” гэж хэлсэн байдаг. Харин Девлин “Конор үргэлж өөртөө итгэлтэй залуу байлаа. Түүнийг од болж чадна гэдэгт бид бүгд итгэлтэй байлаа” гэж байв. Одоо Ди Девлин Конорын санхүүг хариуцан ажилладаг. “Ди одоо ажил хийхгүй байгаа. Би түүнийг бизнестээ оруулсан. Түүний хийдэг ажил мөнгөний чек цуглуулах” гэж Конор хэлсэн байна.

Өөрийн гэсэн онцгой имижтэй болохгүй бол од болох зам бартаатай гэдгийг тэр маш хурдан ойлгосон. Түүний дүр төрхийг Холливудын од Сильвестр Сталлоне, Крис Хемсворт, Роберт Дауни нартай хамтран ажилладаг стилист Дэвид Август хариуцдаг. 2013 онд UFC-д орж байхдаа тэр хууз сахалгүй, цээжин дээрээ шивээсгүй байв. Харин  промоутер нь Конорыг “зэрлэг” харагдуулахын тулд викинг төрхтэй болгосон юм. 2014 онд тэр “Ирландын оны хамгийн ганган залуу” шагналыг хүртсэн.

UFC-д орохоосоо өмнө МакГрегор “Peugeot 206” машинтай, түлхэн гүйж асаадаг байлаа. Харин одоо BMW i8, Mercedes S-Class зэрэг 6 тансаг машинтай.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт Дублинд ирэхэд бүгд л хэнд ч ялагддаггүй ирланд залуугийн тухай ярьж байлаа. Дана Уайт түүнийг АНУ-д урьж, уулзах санал тавьсан. Уулзалт шөнийн Лас Вегасаар машинтай давхиснаар өндөрлөж, Уайт Конорын нэг ч тоглолтыг үзэлгүй шууд 5 тулааны гэрээ байгуулж байлаа.

Конор МакГрегор UFC холбооны дарга нартай тун онцгой харилцаатай. Хэлэх юмаа хэлж, тавих шаардлагаа тавьдаг. Конор энэ талаараа “Компанид жилд 200 сая доллар оруулж байгаа ажилтан онцгой байлгүй яахав” гэж хэлж байв.

UFC-д анхны тулаандаа МакГрегор 8 мянган доллар, 4 дэх тулаандаа 75 мянга, 6 дахь тоглолтдоо 500 мянга, 8 дахь тулаандаа 1 сая, 9 дэх тулаандаа 3 сая долларын хөлс авсан. Найман мянган доллараас 1 сая хүртэлх замыг тэр дөнгөж 3 жилд туулсан.

“МакГрегор бол манай холбооны Мухаммед Али” гэж Дана Уайт хэлдэг байлаа. Конорын тулааны өмнөх зан араншин үнэхээр домогт боксчинтой төстэй. Тэр Алигийн нэгэн адил асар их мөнгөний өмнө зургаа авхуулж, Алид хүндэтгэл үзүүлж байв.

 Аваргын бүсний төлөө Жозе Альдотой тулалдахдаа тэр ердөө 13 секундийн дотор цохиод унагаасан. Гэхдээ энэ түүний хамгийн хурдан ялалт биш. 2011 онд “Immortal Fighting Championship” тэмцээнд Падди Доэртиг 4 секундэд зүүн гарын хүчтэй цохилтоор нам унагааж байв.

Конор тэгш эрхийн төлөө тэмцэгч. Хүнийг арьсны өнгө, хүйс, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй байхын төлөө эрс тэмцдэг. 2013 онд Ирландад ижил хүйстнүүдийн хуримыг зөвшөөрсөн хууль батлахад Конорын гүйцэтгэсэн үүрэг их. Тэр олон нийтийн сүлжээгээ ашиглан, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжихийг ирландчуудад уриалж байв.

Энэ жил МакГрегор 4 сая доллараар “Prestige Yacht” далбаат завь худалдан авсан. Конор мөнгө үрэх дуртай. Найз нөхдөө цуглуулан, далбаат завины аялал зохион байгуулж байлаа. “Мөнгө үрэх нь дахин дахин их мөнгө олох сэдэл төрүүлдэг” гэж тэр хэлж байв. Далбаат завиа тэр “188” гэж нэрлэсэн. 188 гэдэг нь түүний авч байсан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ юм.

Ирландын хүүхэд залууст ямар нөлөөтэй талаараа “Ирландын бүх залуу надтай адилхан болохыг хүсдэг нь үнэн. Би тэднийг буруутгахгүй байна. Хэрэв би өөр хэн нэгэн байсан бол бас л МакГрегортой ижилхэн байхыг хүсэх байсан” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top