“Үнээ саалгадаггүй" хоёр теннисчин

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 15

Ц.Энхтүвшин, “ТАВАН ЦАГАРИГ”

Теннисийн хамгийн эртний, хамгийн нэр хүндтэй бөгөөд хамгийн өвөрмөц дэг жаягтай тэмцээн болох “Уимблдон-2019” дуулиан дүүрэн өндөрлөлөө. 1877 оноос түүхээ бичиж эхэлсэн, энэ жил 133 дахь удаагаа зохиогдож буй энэ алдартай тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Румыний Симона Халеп АНУ-ын теннисчин, “Их дуулгын” 23 түрүүтэй, “Уимблдон”-д долоон удаа аваргалсан Серена Уильямстай аваргын төлөө тоглож, 6:2, 6:2-оор ердөө 56 минутад ялалт байгууллаа. 27 настай румын бүсгүй ноднин “Францын нээлттэй тэмцээн”-д түрүүлсэн бөгөөд “Их дуулгын” цувралын хоёр дахь түрүүгээ хүртлээ. Аав нь хөлбөмбөгчин байсан, өөрөө Румыний алдарт хөлбөмбөгчин Хажиг шүтдэг , хөлбөмбөгт “нугасгүй” дуртай Симона ахтайгаа дөрвөн настайгаасаа л теннис тоглож эхэлсэн гэдэг.

Харин Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн нэг номерийн теннисчин, Сербийн Новак Жокович, “Швейцар цаг” хэмээн алдаршсан “Их дуулгын” цувралд хамгийн олон удаа буюу 20 удаа түрүүлсэн, мөн “Уимблдон”-д хамгийн олон түрүүлсэн эрэгтэй теннисчин болох энэ жил 37 настай домогт Рожер Федерертэй бараг таван цаг (4 цаг 47 минут) “тулалдан” байж, 7:6, 1:6, 7:6, 4:6, 13:12-оор хожин Уимблдоны зүлэг ногоон дэвжээнд тав дахиа түрүүллээ. Түрүүлснийхээ дараа Жокович уламжлал ёсоор ивээлээ хайрласан Уимблдоны кортны зүлгийг (Теннисний “Их дуулгын” дөрвөн цувралаас ганцхан Уимблдон л зүлгэн талбайтай) зулгаан идэж, ялалтаа тэмдэглэлээ.

Тоглолтын явцад Жокович хоёр ч удаа “матч болл” буюу өрсөлдөгч нь хожиход ганц хуруу ч биш ганц хором дутуу байхад тоглолтыг эргүүлж, эцэстээ ялалтыг авч чухам л гайхамшиг гэдгийг үзүүлсэн. Федерер ч аргагүй л энэ цагийн эгэлгүй теннисчин гэдгээ нотлон 5 цаг гайхалтай өрсөлдөөн үзүүлсэн. Хагас шигшээд тэрбээр бас нэг аугаа теннисчин Испанийн Рафаэль Надальтай хүндхэн тоглолт хийснийг мартаж болохгүй ээ.

Уимблдоны финалын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн, олон олон жил яригдаж, дурсагдах, түүхэнд тодоор бичигдэн үлдэх эрин цагийн эгэлгүй шилдэг хоёр теннисчний “дуэль”-д ялсан Жокович Уимблдонд тавдахь, “Их дуулгын” 16 дахь түрүүгээ авлаа. Түүний өмнө “Их дуулгын” 20 түрүүтэй Рожер Федерер, 18 түрүүтэй Рафаэль Надаль нар л бичигдэж байна.

Энэ тоглолт Уимблдоны финалын тоглолтын хувьд хамгийн удаан үргэлжилсэн тоглолт болсон хэдий ч Уимблдон тэмцээний болон “Их дуулгын” цувралын финалын хамгийн удаан тоглолтын аль алиных нь рекорд бол биш шүү!

Уимблдоны түүхэн дэх хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн тоглолт бол 2010 онд АНУ-ын Жон Изнер-Францын Николя Маю нарын хооронд болсон бөгөөд 11 цаг 5 минут үргэлжилсэн энэ тоглолт гурван өдөр дамжин байж дууссан гэдэг.

Харин “Их дуулгын” цувралын финалын хамгийн удаан тоглолтод 2012 оны “Австралийн нээлттэй” тэмцээний аваргын төлөө Жокович-Надаль нарын 5 цаг 53 минут үргэлжилсэн тоглолт тооцогддог билээ.

Эцэст нь өгүүлэхэд энэ жилийн “Уимблдон” тэмцээний шагналын сан 38 сая фунт стерлинг байсан бөгөөд эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчид л гэхэд тус бүр 2 сая 350 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал хүртэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.122.20) 2019 оны 07 сарын 15

manay saalichid tennis uzeed uneegee saakhguy bayna gej yu baykh we dee , yaduukhan kharytsuulalt bayna , bukhiig bol tegj bolokh yum

0  |  1
Top